“Алибаба” групп Монголын технологийн ShoppyHub.mn сайттай хамтран 1688.com худалдааны сүлжээний бүтээгдэхүүнүүдийг санал болгодог аж. Тодруулбал, Алибаба дотооддоо хэрэглэгчдийн сэтгэлгээ сул байгаа энэ үед гадаад дахь цахим худалдааны үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Хятадын цахим худалдааны аварга том компанийн бөөний зах зээл болох 1688.com нь орон нутгийн технологийн групп Intelmind-тэй нэгдэж, шинэ бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөсөн. Ингэснээр “Алибаба” групп Монгол дахь бизнесийн хүрээгээ тэлж байна.
Шинэ онлайн зах зээл болох ShoppyHub.mn нь 1688.com-ын худалдааны сүлжээнээс "сая сая бүтээгдэхүүн" санал болгож, Монголын хэрэглэгчид болон бизнесийн үйлчлүүлэгчдийг Хятадын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр хангах аж. Энэхүү сайт нь Монголын онлайн худалдан авагчдад бусад бүс нутгаас худалдан авсан бараагаа нэг захиалга, хүргэлт болгон нэгтгэх боломжийг олгох бөгөөд ихэнх багцууд 7-10 хоногийн дотор хэрэглэгчдэд хүрдэг байна.
Өнгөрөгч есдүгээр сард томилогдсон гүйцэтгэх захирал Эдди Ву Ёнмин дээрх платформыг "өөрийн стратеги бүхий том зах зээлтэй нүүр тулах" зорилгоор "стратегийн түвшний шинэчлэл" хийхээр төлөвлөж байна. 1999 онд “Алибаба” үүсгэн байгуулагдаж, 1688.com нь тус компанийн хамгийн анхны цахим худалдааны платформуудын нэг юм. “Алибаба” саяхнаас 1688.com-ийн зарим бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд зориулсан хамгийн том онлайн худалдааны платформ болох “Taobao” дээр зарж, хэрэглэгчдийнхээ хүрээг нэмэгдүүлж, бүтээгдэхүүнийг илүү том зах зээлд туршиж эхэлжээ. Үүний зэрэгцээ, Ханжоу хотод төвтэй аварга компани дотооддоо хэрэглэгчдийн сэтгэл хөдлөлийн байдал сул байгаа үед шинэ хэрэглэгчдийг хайж олохын тулд гадаад дахь цахим худалдааны үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.
Сөүлд төвтэй “Ёнхап” агентлаг гуравдугаар сард тус компани шинэ дэд бүтцийг бий болгож, дотоодын худалдаачдыг дэмжих замаар цахим худалдааны оролцоогоо нэмэгдүүлэхийн тулд БНСУ-д 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгааг мэдээлж байв. “Алибаба”-гийн олон улсын онлайн жижиглэн худалдааны платформ болох AliExpress нь солонгос эмэгтэйчүүдийн худалдааны шилдэг программын оператор Ably-ийн таван хувийн хувьцааны төлөө 72.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж буй талаар The Korea Economic Daily дөрөвдүгээр сард мэдээлэв.
Түүнчлэн нүүрс, зэс, алт зэрэг ашигт малтмалын нөөцтэй Монгол Улс сүүлийн жилүүдэд эдийн засгаа төрөлжүүлэхийг эрмэлзэж байна. Энэхүү санаачилгын нэг хэсэг нь цахим худалдааг гол хөдөлгөгч хүч нь болгож буй дижитал дэд бүтэц, холболтыг сайжруулах явдал юм. 3.4 сая хүн амтай тус улс хөрөнгө оруулалтаа Хятадад түшиглэдэг бол Хятад улс Монголыг Төв Азитай худалдаа хийх холбогч гэж үздэг. Хил дамнасан худалдааны боломжийг хөнгөвчлөх зорилготой “Intelmind”-ийн шинэ платформ нь “Монголд инноваци бий болгох, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг дэмжих” нэг гарц болж байна. Технологийн 18 компанийг эзэмшдэг буюу хөрөнгө оруулалт хийдэг Улаанбаатар хотод байрлалтай тус компани 2017 онд Shoppy.mn цахим зах зээлээ нээсэн. Тэр цагаас хойш тус улсын цахим худалдааны томоохон платформуудын нэг болсон гэдгийг South china morning post дурджээ.
Эх сурвалж: South china morning post