“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэгч байгууллагууд энэ хаврын Бүх нийтээр мод тарих арга хэмжээг Улаанбаатарт “Ногоон хот-иргэний оролцоо” уриан дор дөрөвдүгээр сарын 11-31-нд зохион байгуулахаар төлөвлөснөө танилцуулсан.
Сонгинохайрхан дүүрэг дэх “Инчон” мөрөөдлийн төгөл, Чингэлтэйн “Хайрхан” хөгжлийн төв, хотын зүүн бүсэд орших “Шинэ Налайх”, төвд байх “Баянгол” цэцэрлэгт хүрээлэн, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас, Айцын ам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа үржүүлгийн газар, Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн (IGM) гэсэн найман байршилд нийслэлчүүдээр мод тариулахаар төлөвлөөд буй билээ. Тэгвэл нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн 20 өдөрт тогтоосон цагийн хуваарийн дагуу, мэргэжлийн хүмүүсийн хяналт дор иргэд, аж ахуйн нэгжүүдээр мод тариулах гэнэ. Тухайлбал, 11.40-13.40, 13.00-14.30, 14.00-18.00 цагт л мод тарих үйл ажиллагааг нэгдсэн байдлаар өрнүүлэх нь. Одоогоор 361 байгууллага төвлөрсөн байршлуудад мод тарихаар урьдчилж бүртгүүлжээ. Эдгээр газарт мод тарих боломжгүй иргэдийг өөрийн эзэмшлийн хашаа, зуслангийн газарт болон сургууль, цэцэрлэг, эмнэлгийн орчинд ногоон байгууламж бий болгохыг уриалав.
Бэлтгэсэн Н.Ган