Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар өчигдрөөс эхлэн www.ewater.mn вэб цахим хуудсаар ус ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтийг хүлээн авч, зарим төрлийн дүгнэлт, тусгай зөвшөөрлийг олгох болсноо мэдээлэв. Тодруулбал, ус ашиглуулах болон хэрэглэх боломжит нөөцийн дүгнэлт гаргуулах, хаягдал усны, ус бохирдуулсны төлбөрийн гэрээ, зөвшөөрөл олгох хүсэлтийг дээрх хаягаар хүлээн авч, үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдүүлжээ. Мөн цэвэр, бохир усны шинж чанарын сорил хийлгэх хүсэлтийг үүгээр авч, гүйцэтгэх юм байна.
Энэ нь Усны болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллагуудад төрийн үйлчилгээг ил тод, төвөг чирэгдэлгүй, түргэн шуурхай үзүүлэх зорилготой гэнэ. Тусгай зөвшөөрөл цахимаар олгоход ашиглах, усны мэдээллийн нэгдсэн систем бүхий уг цахим хуудсыг манай улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан хоёр дахь компакт гэрээний хүрээнд санхүүжүүлэн бүтээжээ.
Бэлтгэсэн Н.Мишээл