Суурьшлын бүс эрчимтэй тэлж, хүн амын төвлөрөл ихсэж буйгаас улбаатайгаар сүүлийн жилүүдэд зэрлэг амьтдын тархац нутаг хумигдан, нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийж чадахгүйд хүрч, стандартын бус төмөр хашаа, өргөст торонд сүлбэгдэж үхэх тохиолдол сүүлийн жилүүдэд цөөнгүй гарч байгааг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв. 2018- 2023 онд буюу сүүлийн таван жилд зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд 30 амьтан зуслангийн бүсийн төмөр хашаанд сүлбэгдэн амь тавьжээ. Зэрлэг амьтад ийм шалтгаанаар бэртэж, гэмтсэнтэй холбоотой дуудлага энэ хугацаанд 388 удаа бүртгэгдсэн аж. Эдийн засгийн үнэлгээгээр нь тооцвол стандартын бус байгууламжаас болж экологид 116.14 сая төгрөгийн хохирол учирсан гэж судлаачид дүгнэжээ.
Хүрээлэн буй орчин, тэр дундаа ан амьтдад тулгарч буй эл асуудлыг шийдэх зорилгоор нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотын зуслангийн бүс, тусгай хамгаалалттай газарт дагаж мөрдөх хашааны стандарт боловсруулах төслийг хэрэгжүүлж эхлээд буй гэнэ. Үүнийг БОАЖЯ, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, хяналтын газар, Богдхан уулын дархан цаазат болон Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааныхан дэмжиж, хамтран ажиллахаар болжээ.