Монгол Улсад Орон сууц, нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 93 жилийн түүхт ойг тохиолдуулан салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2024 арга хэмжээг Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгуулав.
“ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” сэдэвт энэхүү зөвлөгөөнд салбарын 250 орчим инженер техникийн ажиллагсад, удирдах ажилтнууд, аж ахуй нэгж байгууллагын төлөөллүүд оролцож, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга хэмжээнүүд, цаашдын зорилтоо хэлэлцэж байна.
Зөвлөгөөнийг Барилга, хот байгуулалтын сайд Цэрэнпилийн Даваасүрэн нээж үг хэллээ. Салбарын сайд Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт тусгай зөвшөөрөл бүхий 210 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж, 17500 хүн ажиллаж, хоногт дунджаар 486 мянган м3 усыг олборлон 3,772 км шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчдэд түгээж, 1,875 км шугам хоолойгоор бохир усыг татан зайлуулж, цэвэрлэх үйлчилгээ үзүүлж байгааг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Улсын хэмжээнд усны тоолууржилт дунджаар 93 хувь болж өссөн болохыг онцолж байлаа.
Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төсөл, арга хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд 2023 онд 261,1 тэрбум төгрөг байсан улсын төсвийн хөрөнгө оруулалт 2024 онд 344,9 тэрбум төгрөг болж өссөн болохыг тодотгов.
Цаашид Шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн төслүүд хэрэгжиж, нийслэл болон аймгийн төвүүдийн инженерийн шугам сүлжээг тэлж өргөтгөн шинэчлэх ажлууд үргэлжлүүлж, үе шаттай хэрэгжүүлэх болно гэлээ. Гэвч улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжаар бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжиж инженерийн шугам сүлжээ, барилга байгууламж ашиглалтад орохын хирээр тэдгээрийн ашиглалт, үйлчилгээний хэвийн найдвартай үйл ажиллагааг ханган ажиллах инженер техникийн болон мэргэжилтэй ажиллагсад, Нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагад ажиллах хүний нөөц дутагдалтай байна. Тиймээс мэргэжлийн бус хүн томилж, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх чадамж буурч байгаа зөрчлүүд гарах болсон.
Хүний нөөцийн эдгээр асуудалд онцгой анхаарч, цалин хөлсийг нэмэгдүүлэн, нийгмийн хангамжийг дээшлүүлэх нь чадварлаг мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллах, салбарыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг салбарын сайд хэлж байлаа. Тодруулбал Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт ажиллагсдын цалин жил бүр 10-аас 20 хувиар өсч байгаа ч улсын дунджаас 22,4 хувиар бусад ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг салбарын дунджаас 22-оос 33 хувиар доогуур байгаа гэв.
Барилга, хот байгуулалтын сайд салбарынхаа хүний нөөцийг бэхжүүлэх, тэдний ажиллаж хөдөлмөрлөх, таатай нөхцөлийг бүрдүүлэх нь эн тэргүүний зорилт болохыг сануулж, тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх чиглэлд салбарын байгууллагууд онцгой анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Зөвлөгөөнөөр “Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт баримталж буй бодлого-бүсчилсэн хөгжил, “Ус хангамж, ариутгах татуургын инженер техникийн ажилтнууд, мэргэжилтэй ажиллагсдыг бэлтгэх өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилт”, “Цалин хөлсний бүтцийн судалгаа”, Салбарын хүний нөөцийн эрэлт нийлүүлэлт ба ашиглалтын үйл ажиллагаа”, “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт”, “Орон сууц, нийтийн аж ахуйн салбар дахь зохистой хөдөлмөр эрхлэлт”, “Ус хангамж ариутгах татуургын инженер бэлтгэх үйл явц, төгсөгчдийн өнөөгийн байдал”, “Хөвсгөл аймгийн нийтийн аж ахуйн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, Дархан ус суваг ХК-д нэвтрүүлж буй цахим шинэчлэлт, хүний нөөцийн бүрдэлт”, “Сумдын инженерийн дэд бүтцийн ашиглалт үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын зорилт”, “Хувийн хэвшлийн орон сууцны конторуудын хүний нөөцийн бодлого, олон улсын стандарт нэвтрүүлсэн байдал” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлж байна.