Япон Улсын Токио хотын Нэрима дүүрэгт болсон “Go Mongolia” арга хэмжээг жил бүр болдог “Хаврын баяр”-тай хамтатган хийсэн ба Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, Япон Улсын Зөвлөхүүдийн танхимын гишүүн, Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын Дэд сайд Ш.Доко, Японы Ёс зүйн нийгэмлэгийн тэргүүн Н.Ито, Японы Аялал жуулчлалын холбоо (JATA)-ны дэд Ерөнхийлөгч Ю.Хара, Японы аялал жуулчлалын холбоо (ANTA)-ны дэд Ерөнхийлөгч Т.Комаи, Японы Ази, Номхон далайн эдийн засаг, байгаль орчны судалгааны хүрээлэнгийн тэргүүн Ш.Кавасака нар оролцож баяр хүргэлээ.
Япон Улсын жуулчид нь Монгол орон аялал жуулчлал хөгжсөн цагаас эхлэн тасралтгүй ирж байгаа жуулчдын тоонд ордог. Хоёр орны соёл, спорт, хүмүүнлэгийн үйл ажиллагаа өргөн хүрээнд явагддаг тул монголчууд япон жуулчдад хүндэтгэлтэй элэгсэг ханддаг. Тэд манай орны түүх, соёл, ёс заншил, нүүдэлчдийн өвөрмөц амьдралыг таашаадаг бөгөөд тусгай сонирхлын аялал болох цэцэг, эрвээхий ажиглах, мод тарих, тариалангийн талбайгаар зочлох зэрэгт ахимаг насныхан групээрээ ирж их сонирхдог бол залуус нь морь унах, өндөр ууланд авирах зэрэг аяллуудыг илүүтэй сонирхдог. Мөн од харах аялал нас харгалзахгүйгээр тэдэнд хамгийн сонирхолтой бүтээгдэхүүний нэг байдаг.