Манай орны ихэнх нутагт бэлчээрийн ургамлын гарц муу, дунд байна гэж Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс мэдээлэв. Энэхүү үнэлгээг долоо хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар гаргажээ.
Архангай, Дундговь аймаг болон нийслэлийн нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Баян-хонгор, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим сумын нутгаар бэлчээрийн өвс ургамлын гарц муу буюу цухуйсан боловч мал идэх боломжгүй байгаа гэнэ. Харин Дорнодын нийт, Хэнтий, Хөвсгөл, Дархан-Уулын ихэнх, Увс, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговь аймгийн цөөн сумын нутагт хэвийн, бусад бүсэд дунд гэсэн дүн гарчээ. Нийт нутгийн 10 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй буйн дийлэнх нь Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговийн нутгийг хамарч байна.