Манай орны төвийн болон зүүн бүсийн нийт нутгаар хуурайшилт өндөр, түймрийн эрсдэл их байгааг цаг уур, онцгой байдлын байгууллагаас анхааруулсаар буй. Ялангуяа Дорнод, Сүхбаатар, Хэнтийн хуурай хээр зонхилсон нутаг, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Орхон зэрэг ой бүхий аймагт түймэр гарах эрсдэл өндөр байгааг сэрэмжлүүлсэн.
Өнгөрсөн баасан гарагт буюу энэ сарын 3-нд Дорнод аймагт ой, хээрийн түймэр гурван удаа гарсан талаар орон нутгийн онцгой байдлын байгууллагаас нь мэдээлэв. Дашбалбар, Матад, Халхгол сумд цаг хугацааны хувьд ойрхон давтамжтай гарсан түймэрт 29 240 га талбай өртсөн гэж урьдчилсан байдлаар тогтоожээ.
Ойрын өдрүүдэд нийт нутгаар дулаарч байгаагаас хуурайшилт улам нэмэгдэж буй гэнэ. Энэ сарын 4-ний эрсдэлийн үнэлгээгээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар, Хүдэр сум, Бугант тосгоны нийт нутаг түймрийн аюултай, бусад нь нэн аюултай түвшинд хүрээд буйг ОБЕГ-ын Урьдчилсан сэргийлэх газраас мэдээлэв.
Бэлтгэсэн Н.Мишээл