Элчин сайд М.Игавахара дөрөвдүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хотод зочилсон бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцан, “Инновацийн 7 хоног” арга хэмжээнд оролцохын зэрэгцээ Орхон аймгийн Засаг даргын орлогчтой уулзан санал бодол солилцов. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн зэсийн ил уурхай, зэс баяжуулах үйлдвэртэй танилцах үеэр, тус үйлдвэрийн удирдлагуудын зүгээс өдийг хүртэл хэрэгжүүлж ирсэн бүтээн байгуулалт болон цаашдын төлөвлөгөөний талаар танилцуулга хийсэн бөгөөд Японы хөрөнгө оруулалтыг татах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Орхон аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал Орхон аймаг, Эрдэнэт хот нь Японы зарим хотуудтай найрамдалт хамтын ажиллагаатай бөгөөд цаашид ч хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэхийг хүсэж байна хэмээв. Мөн Орхон аймагт хэрэгжүүлж буй мод тарих төслийг Япон Улсын Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буйд талархаж байгаагаа уламжлав.
Элчин сайд М.Игавахара, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалангийн хамт “Инновацийн 7 хоног” арга хэмжээнд оролцон мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд Аж үйлдвэрийн салбарт дотоод гадаадын шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, шинэ үнэ цэнэ бий болгох нь туйлын чухал болж байгааг онцлон тэмдэглэв. Мөн Япон Улсын Засгийн газрын дэмжлэгээр хэрэгжүүлж буй Инженер, технологийн салбарын хүний нөөцийг бэлтгэх төсөлд хамрагдан Японд суралцаад ирсэн төгсөгчид ирээдүйд технологийн шинэчлэлээр Монгол Улсын цаашдын хөгжлийг хөтлөн авч явна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.