“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, энэ хаврын Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ойн газар хамтран өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд орон даяар арга хэмжээ зохион байгуулах бөгөөд гол хөтөлбөр нь энэ сарын 11-нд Дамбадаржаа дахь “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд болох аж. Үүнээс гадна Ялалтын болон Тэнгэр плазагийн өмнөх талбайд модлог ургамлын үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах нь. Мөн нийслэлийн найман байршилд бүх нийтээр мод тарих бөгөөд иргэд чөлөөтэй оролцох боломжтой хэмээн Ерөнхийлөгчийн ногоон хөгжил, байгаль орчны бодлогын зөвлөх Б.Нямхүү мэдээлэв.
Ойн газрын дарга Б.Оюунсанаа “Тэрбум мод” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн. 2023 оны сүүлчийн байдлаар улсын хэмжээнд 41.5 сая мод тарьж, арчилж буй гэнэ. Түүнчлэн анх хөтөлбөр эхлэхэд 306 аж ахуйн нэгж мод үржүүлгийн газартай байсан бол 452 байгууллага болж нэмэгджээ. Ингэснээр модны суулгац, нөөц 40 хувиар өссөн байна. Мод үржүүлж, шинээр тарихаас гадна одоо байгаа ойгоо хамгаалах чиглэлээр олон ажил хийж буй аж. Тэрбээр “2022 онд нийт 730 мянга га-д хөнөөлт шавж тархсан байсан. Үүний эсрэг бид ажиллаж байна. Энэ онд 330 мянган га талбайд шавж устгал хийнэ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Ойгоор бүрхсэн талбайн хэмжээг нийт нутаг дэвсгэрийн 8.6 хувьд хүргэнэ” гэсэн зорилт бий. Үүнийг хэрэгжүүлэхэд “Тэрбум мод” хөтөлбөр чухал үүрэг гүйцэтгэж байна, бид энэ хэмжээг есөн хувьд хүргэхээр зорьсон” гэлээ. Энэ онд ойн арчилгааг 1:3 мянган га талбайд хийж, мод үржүүлгийн газруудын тоног төхөөрөмжийг шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх юм байна. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Б.Золбаяр “Уг хөтөлбөрийг зарласны дараа “Ковид-19” цар тахлаас үүдэн дэлхий нийтээр эдийн засгийн нөхцөл байдал амаргүй болсон. Харин одоо байдал сэргэсэн учраас энэ оны гүйцэтгэл өмнөх 2-3 жилийнхээс илүү эрчимжинэ. Мөн бид агро парк, агро ойжуулалтыг улсын хэмжээнд дөрвөн газар хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Бэлтгэсэн С.Уул