Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Ёс зүйг хамтдаа амлая” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Мэдээллийн урсгал хурдацтай тархаж буй энэ цаг үед сэтгүүлчдийн хийсэн бүтээл мэргэжлийн бус хүмүүсийнхээс ялгарч байх ёстойг хэлэлцүүлэгт оролцогчид хөндөв. Үүний тулд сэтгүүлчид ёс зүйтэй байх шаардлагатайг онцоллоо. Түүнчлэн сэтгүүлчид мэргэжлийн ёс зүйг сахиж, мэдээллийг олон талаас тэнцвэртэй хүргэх нь нэн чухал талаар хөндсөн юм. Мөн энэхүү уулзалт нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хамгаалах, хүнлэг ёс, хүн чанарыг сэтгүүлч, редакторууд сахин мөрдөх, эгэх хариуцлагыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Сэтгүүлчид түргэн, шуурхай, цаг алдалгүй мэдээлэх шаардлагаас үүдэн санамсаргүй алдаа гаргах тохиолдол бий. Тиймээс сэтгүүлчдээ чадавхжуулж, төрөлжүүлэх шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон юм. Хэвлэл мэдээллийн чанар нь мэргэжлийн, итгэл үнэмшилтэй, найдвартай байдлаар илэрхийлэгддэг. Энэ утгаараа сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн салбар баталгаатай, үнэн бодит мэдээллийг түгээн, эгэх хариуцлагатай байж ёс зүйгээ баримтлахыг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс уриаллаа.