Манай оронд дэлхий дээрх нийт цоохор ирвэсийн 20 орчим хувь буюу 800-1000 бодгаль байдгийн дийлэнх нь Алтай Соёны бүсэд идээшин нутагладаг. Тодруулбал, өндөрлөг уул, нурууд бүхий Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт нутагт тархан амьдардаг. Ирвэсийг уулын эзэн хэмээн нэрлэдэг нь амьдрах орчных нь энэ онцлогтой холбоотой. Харин сүүлийн үед “цоохор дээлт” манай орны говийн бүсэд, ялангуяа Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үзэгдэх нь олширчээ. Тиймээс тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас орон нутгийн иргэд, малчид, тээвэрчдийг Монгол Улсын “Улаан ном”-д орсон нэн ховор амьтныг айлгаж цочоохгүй, хэт ойртохгүй, тээврийн хэрэгслээр элдэж хөөхгүй байхыг анхааруулав.
Байгаль орчны мэргэжилтнүүд “Цоохор ирвэс нь орооны үеэс бусад цагт ганцаараа амьдардаг онцлогтой бөгөөд залуу бодгалиуд нь эзэмшил нутгийн давхцал, идэш тэжээлийн хүрэлцээ зэргээс болж нэг уулаас нөгөө рүү явах замдаа тал, хээр, говийн бүсэд хүмүүстэй тааралдах нь элбэг. Энэ үед иргэд ирвэсийн зураг авах, бичлэг хийх зорилгоор хөөх тохиолдол гардаг. Ингэснээр тухайн амьтныг эрсдэлд оруулдаг. Зэрлэг амьтдыг тайван байлгаж, нүүдэл, шилжилт хөдөлгөөнд нь саад учруулахгүй байх нь тэднийг хайрлан, хамгаалж буй нэг хэлбэр юм” гэлээ.