Хаврын хуурайшилтын үе үргэлжилж буйтай холбоотойгоор цаг уурын байгууллагаас түймрийн эрсдэлийн зураглал гаргаснаа танилцууллаа.
Аймгуудыг аюулын түвшнээр нь бага, дунд, их, нэн их гэсэн дөрвөн түвшинд хуваахад Сүхбаатар хамгийн өндөр эрсдэлтэй ангилалд багтсан байна. Тус аймгийн нийт нутагт ой, хээрийн түймэр гарах эрсдэл нэн их болон их гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Харин үүнтэй залгаа орших Хэнтийн өмнөд, Дорнодын төв болон зүүн, Хөвсгөлийн зүүн өмнөд, Орхоны төв, Сэлэнгийн хойд нутгаар түймрийн эрсдэл улбар шар буюу их түвшинд буй гэнэ. Увс, Завхан, Архангай, Булган, Дархан-Уул, Төв, Хэнтий аймаг болон нийслэлийн ихэнх бүс нутгаар түймрийн эрсдэл дунд зэрэг гарчээ.
Сүхбаатар аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрынхан өнгөрсөн сарын 5-нд үнэлгээ хийхэд Дарьганга, Эрдэнэдалай сумд түймрийн эрсдэл аюултай түвшинд байж. Харин өнгөрсөн сарын сүүлчээрх судалгаагаар тус аймгийн нийт нутаг буюу 13 сум нь бүгд аюултай түвшинд хүрсэн нь тогтоогджээ. Сүүлийн нэг сарын хугацаанд гэхэд Сүхбаатарт ой, хээрийн түймэр есөн удаа гарсан аж. Үүний зургаа нь Эрдэнэцагаан сумд бүртгэгдсэн байна. Хамгийн сүүлд өнгөрсөн сарын 29-нд Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Дөрвөлжингийн энгэр хэмээх газарт хээрийн түймэр гарч, 1200 га талбай шатжээ.
Үүнээс найм хоногийн өмнө Арын хоолой хэмээх газарт гарсан түймэрт 75 000 га хээрийн талбай хуйхлагдсан юм. Нийт нутагт нь хуурайшилт их, түймрийн эрсдэл өндөр байгаа тул Сүхбаатар аймгийн онцгой байдлын байгууллагын гамшиг, осол, гал түймрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг түгээж байгааг мэдээллийн ажилтан нь хэллээ. Ташрамд дурдахад, гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10 хүртэлх хугацааг түймрийн аюултай үе гэж үздэг бөгөөд хур тунадас, чийг дутагдсанаас хөрс хуурайшиж, салхи, шуурганы давтамж ихэсдэг нь энэ төрлийн гамшгийн эрсдэлийг нэмэгдүүлдэг юм.