"Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав" цуглаан зохион байгуулах талаар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс мэдээлэл өглөө. МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр "Тавдугаар сарын 3-нд Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохионо. Монгол Улсад 600 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж, 4500 гаруй хүн ажиллаж байна. Энэ жилийн дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг "Сэтгүүл зүй бол байгаль орчныг хамгаалах нүүр царай болох учиртай" гэх уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Мөн энэ өдөр "Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав" цуглааныг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Энэхүү цуглаан нь хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй иргэд болон гурван сая иргэдийн мэдэх эрх ашгийг хамгаалах зорилготой. Өнгөрсөн хугацаанд хэвлэлийн салбарын эрх зүйн орчныг хөсөр хаясаар иржээ. Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр хорьж, цагдсан хууль батлагдсаны дараа асуудлаа ярьдаг. Тиймээс батлагдсан хуулиа засахгүй бол болохгүй байна. Хэвлэлийн эрх чөлөөний асуудал бүх хүнд хамаатай. Хэвлэл мэдээллийн ажилтныг хамгаалдаг хууль алга. Жишээ нь хэн нэгэн зураглаачийн биед халдаж, камерыг нь эвдчихдэг. Энэ дагуу гомдлыг шийдвэрлэх гэхээр эхнээсээ хамгаалдаг хууль нь байхгүй. Гэтэл өмгөөлөгч, хуульч, цагдаагийн алба хаагчийн биед гар хүрэх юм бол эрүүгийн хариуцлага хүлээдэг. Гэтэл бид НҮБ-ын конвенцод хүний эрхийг хамгаалагчид гэж тусгагдсан байдаг” хэмээн ярилаа.