Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн судлаачид Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдтэй хамтран тарваганы тархац, нөөцийн судалгааг зургаан сумд эхлүүллээ. Тодруулбал, судлаач, мэргэжилтнүүд Увс аймгийн Бөхмөрөн, Сагил, Тариалан, Түргэн, Ховд, Улаангом сумд хоёр долоо хоногийн хугацаанд буюу энэ сарын 14 хүртэл тандалт судалгаа хийх юм байна.
Энэхүү судалгааг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас байгаль орчны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн хүрээнд хийж буй аж. Уг төслийг ирвэс бүхий гурван аймагт хэрэгжүүлдгийн нэг нь Увс бөгөөд зорилтот бүсэд нь дээрх сумууд багтдаг юм.
Ирвэсийн идээшил нутагт тарваганы тархац, нөөцийн судалгааг хийснээр “уулын эзэн”-ий амьдрах орчин, экосистем хэр зэрэг эрүүл, аюулгүй байгааг тодорхойлох боломжтой гэнэ. Учир нь цоохор ирвэсийн тоо толгойн өсөлт, тогтвортой байдалд түүний идэш тэжээл бологч амьтдын тархац, нөөц чухал нөлөөтэй аж.