Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн нэгдсэн арга хэмжээг нийслэлд энэ сарын 8-11-нд найман байршилд зохион байгуулахаар төлөвлөж буйг БОАЖЯ-ныхан өчигдөр мэдээллээ. Тодруулбал, иргэд, аж ахуйн нэгжүүдийг нэгдсэн байдлаар найман газарт мод тариулна гэсэн үг. Өнөө жилийн хаврын мод тарих арга хэмжээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 310 орчим байгууллагын ажилтан, албан хаагч оролцох урьдчилсан тооцоо байгааг мэргэжилтнүүд хэлэв.
Манай улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлсэн 2021 оноос Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг илүү өргөн хүрээнд зохион байгуулж, иргэд, аж ахуйн нэгжүүдийг нэгдсэн байдлаар төвлөрсөн байршлуудад мод тариулах болсон. Үүний хүрээнд тарьсан мод, бутны хэд нь ургасан, хэчнээн нь амьдрах боломжтойг үнэлэх тооллого, судалгааг энэ онд хийхээр төлөвлөжээ. Мөн мод тарьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагынхныг оролцуулан усалгаа, арчилгааны ажлыг хийлгэх гэнэ.
Засгийн газар ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8.6 хувьд хүргэх зорилт тавьсан. Үүнийг хангах зорилгоор 2024 онд ойг нөхөн сэргээх, гол, нууруудын татмыг ойжуулах ажлыг 2400 га талбайд хийж, дөрвөн сая мод тарихаар төлөвлөжээ. Тэрчлэн дөрвөн байршлын 130 га газарт цөлжилтийг сааруулах ойн зурвас байгуулах аж. Ойн цэвэрлэгээ, арчилгааг 1300, хортон шавжтай тэмцэх ажлыг 330 мянган га талбайд явуулж, 400 км газарт түймрээс сэргийлэх зурвас байгуулан, Дорнод, Завхан, Хөвсгөл аймгийн таван сая га талбайд ойн санг бүртгэх, зохион байгуулах ажлыг хийхээр тооцоолжээ.
Бэлтгэсэн Н.Ган