“Говийн оюу хөгжлийг дэмжих сан” төрийн бус байгууллагаас Өмнөговь аймгийн нутаг дахь тусгай хамгаалалттай болон байгалийн цогцолборт бүсэд 100 ширхэг хуурай жорлон байршуулахаар болсныг Байгаль орчин, аялал жуулчлалын газраас нь мэдээллээ. Тухайлбал, урин дулааны цагт дотоод, гадаадын жуулчид олноороо очдог Баянзаг, Нэмэгт, Хэрмэн цав, Хонгорын элс, Говь гурван сайхан, Сангийн далай хийд зэрэг түүхэн дурсгалт газарт ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг сайжруулахаар төлөвлөөд буй гэнэ. Одоогоор Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын Ёлын ам орчимд ариун цэврийн дөрвөн байгууламж байршуулаад байгаа аж.
Ёлын ам орчимд автомашины зогсоол, сандал, сүүдрэвч, асар барих зориулалтын талбай, ариун цэврийн байгууламж бүхий отоглох цэг бий ч жуулчлалын ид үед жорлон нь ачааллаа дийлдэггүй юм байна. Тиймээс отоглох цэгийн авто зогсоолын дэргэд хуурай жорлонгууд байршуулжээ. Энэ төрлийн байгууламж нь ялгадсыг өтгөн, шингэнээр тусгаарлаж, хортой хаягдал үүсэхээс сэргийлдэг тул байгаль орчин бохирдуулахаас сэргийлэх давуу талтайг мэргэжилтнүүд дурдав.
Бэлтгэсэн Н.Мишээл