БОАЖЯ, БШУЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, МУИС-ийн Ойн хүрээлэн хамтран ойжуулах, нөхөн сэргээх ажилд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх боловсон хүчин бэлтгэх хөтөлбөрийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 оноос эхлүүлсэн билээ.
Ойн чиглэлээр 1000 сургагч багш бэлтгэх зорилготой эл хөтөлбөрийн эхний үе шатыг өнгөрсөн жилүүдэд нийслэл, орон нутагт зохион байгуулж, цөөнгүй хүнийг сургаж, чадавхжуулсан юм. Тэгвэл уг хөтөлбөрийн II шатны сургалт болох хээрийн дадлага сургуулилалтыг өдгөө орон нутагт зохион байгуулж байна. Тодруулбал, МУИС-ийн Ойн хүрээлэнгийн багш, мэргэжилтнүүд орон нутгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхантай хамтран энэ сарын 25-29-нд Өвөрхангай, Увс аймагт ийм сургалт явуулжээ. Үүнд ойн ангийн болон хөдөө аж ахуйн мэргэжилтэн, байгаль хамгаалагч, мод үржүүлэг, ногоон байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл 100 гаруй хүнийг хамруулсан байна.