Япон Улсын Засгийн газраас жил бүр тодорхой тооны гадаад иргэдэд хаврын одон гардуулдаг уламжлалтай. Тус улсын Засгийн газар энэ хаврын шагналыг хүртээх гадаад иргэдийн нэрсийг өчигдөр зарласан байна. “Мандах нар” нэртэй энэхүү одон нь дотроо “Алт, мөнгөн туяа”, “Сүр жавхлант тууз” зэрэг төрөлтэй. Үүний “Алт, мөнгөн туяа” одонг хүртээхээр зарласан хүмүүсийн дотор Монгол, Японы найрамдлын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Д.Лхагва багтжээ. Түүний хоёр улсын найрамдалт харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж олгохоор болсон нь энэ аж. Тэрбээр 1989 онд Монгол, Японы найрамдлын нийгэмлэгт элссэнээс хойш 34 жилийн турш гишүүн, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж буй юм. Мөн санаачлан зохион байгуулдаг арга хэмжээ, үйл ажиллагаа нь нийгмийн өргөн хүрээг хамарч, Монголын иргэдийн Японы талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд түлхэц болж, хоёр орны иргэдийн идэвхтэй харилцан солилцоог хөгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн хэмээн үзжээ.
Өмнө нь 2021 онд Уул уурхайн сайд асан Р.Жигжид, 2022 онд Төрийн соёрхолт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадорж нар мөн дээрх төрлийн одон хүртсэн байна. Харин УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан 2021 онд “Мандах нар” одонгийн тэргүүн зэрэг “Сүр жавхлант тууз”-ыг гардан авсан билээ.
Бэлтгэсэн С.Уул