Прагийн амьтны хүрээлэн болон манай улсын судлаач, эрдэмтдийн хамтарсан баг Дорнод аймгийн Халхгол сумын Сүмийн хоолойд буюу Монгол орны зүүн бүсэд анх удаа тахь сэргээн нутагшуулахаар тандалт судалгаа хийж байна. Хустайн байгалийн цогцолборт газрын мэргэжилтэн “Дорнын тахь” төслийн хүрээнд тухайн бүсэд ургамал, амьтны гээд холбогдох бүх төрлийн, эрсдэлийн судалгааг хийж байгаа. Сэргээн нутагшуулах ажлыг 2025 онд эхлүүлнэ гэсэн урьдчилсан төлөвлөгөө гаргасан” гэж мэдээллээ.
Манай улс 1992 оноос хойш Хустайн нуруу, Говийн их дархан цаазат газрын Б хэсэг, Хомын тал гэсэн гурван бүсэд тахь сэргээн, сэлгэн нутагшуулах үйл ажиллагааг зохион байгуулсан. Эдгээр газрыг хариуцсан байгаль орчны мэргэжилтнүүд, судлаач, эрдэмтэд, “Дорнын тахь” төслийнхнөөс бүрдсэн “Тахь” эрдмийн зөвлөлийнхөн өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хоёр дахь удаагаа хуралдаж, эл амьтны амьдрах орчны асуудлуудыг хэлэлцэн, сүүлийн үеийн судалгаа шинжилгээнийхээ үр дүнгээс хуваалцжээ. Мөн тахь сэргээн нутагшуулсан болон нутагшуулахаар төлөвлөж буй талууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Тахь сэргээн нутагшуулах газрын тоо нэмэгдэхийн хэрээр экосистемийн бүрэлдэхүүн, амьдрах орчны ялгаатай байдлаас эхлээд судлагдахууны цар хүрээ өргөжиж буйг судлаачид дурдлаа. Тиймээс Сүмийн хоолойд өргөн хүрээний судалгаа шинжилгээ тогтмол хийж байгаа аж. “Дорнын тахь” төсөлд МУИС, ХААИС, Мал эмнэлгийн хүрээлэн, Монгол орны хөхтөн судлалын нийгэмлэг зэрэг олон байгууллагын судлаач, эрдэмтэд оролцож буй гэнэ.
Ташрамд дурдахад, манай улс 2022 онд дэлхийд хамгийн олон тахьтай орон болсон бөгөөд тухайн жилд 940 бодгаль бүртгэгдсэн юм.