Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төслүүдийг шалгаруулжээ. Эргэн төлөлтөөс санхүүжүүлэх нөхцөлтэй уг зээлд хамрагдахаар иргэн, аж ахуйн нэгжүүд 46 тэрбум төгрөгийн 247 төслийн хүсэлт ирүүлжээ. Үүнээс сонгон шалгаруулалтын сүүлийн шатанд нийт 9.5 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт гаргасан 46 аж ахуйн нэгж төслөө танилцуулсан байна. Төсөл сонгон шалгаруулах хорооныхон хуралдаад 37 төсөлд 7.4 тэрбум төгрөгийн зээл олгохоор болжээ. Тэдгээрийн дотор арьс, ширэн, гоо сайхны, модон болон оёмол сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл багтжээ. Мөн хог хаягдал дахин боловсруулах, хүлэмжийн аж ахуй, хүнсний зоорь, агуулах, сав, баглаа боодол, хүүхдийн хоол, тэжээл, цэвэр усны үйлдвэрлэл, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах зэрэг төсөлд хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн гэнэ.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн