Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжихаар шийдвэрлэсэн. Тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” компани энэ сарын 29-ний 16.00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар болжээ. Эхний арилжаагаар 22.35 хувийн зэсийн агуулгатай, нийт 3000 тонн (нойтон метр) зэсийн баяжмалыг тонн тутмыг нь 2141 ам.доллароос эхлэн дуудах нь. Арилжсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй юм байна.
Зэсийн баяжмалын арилжааг зохион байгуулах, бэлтгэл хангах ажлын хүрээнд МХБ-ийнхэн танилцуулах сургалтыг хоёр удаа зохион байгуулжээ. Үүнд 100 гаруй худалдан авагчийг хамруулж, уул уухайн бүтээгдэхүүний арилжаа, холбогдох журам, арилжааны системийг танилцуулсан байна. Арилжаанд оролцохтой холбоотой асууж тодруулах зүйлсийг www.comex.mse.mn платформын “Live chat” хэсэг болон comex@mse. mn и-мэйл хаягаар хүлээн авч буй гэнэ.
Бэлтгэсэн М.Оч