“Монголын инновацын долоо хоног-2024” өчигдөр эхэллээ. Энэ сарын 27 хүртэл үргэлжлэх эл арга хэмжээний үеэр санаагаа ажил хэрэг болгож, хөрөнгө оруулалт татах боломжийг дөнгөж бизнесээ эхэлж буй залууст олгодог билээ. Энэ жилийн хувьд Улаанбаатар хот, Орхон аймагт нэгэн зэрэг болж байгаагаараа онцлогтой. Ингэснээр орон нутгаас оролцогчдын цар хүрээг тэлэх боломжтой аж. Уг өдөрлөгөөр дамжуулан эрдэм мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үндэсний инновацын чадавхыг бэхжүүлэх зорилготой гэнэ. Долоо хоног үргэлжлэх тус өдөрлөгийн үеэр “Инновац ба энтрепренершип хөгжил” олон улсын хурал болж, “Төрийн өмчийн их сургуулиудын инновац, технологи” сэдэвт виртуал үзэсгэлэнг олон нийтэд толилуулна.
Мөн залуу судлаачдын эрдэм шинжилгээний хурал, оюутны гарааны бизнесийн санаачилгыг дэмжих “Мentor day” болон “Erdem hackathon” уралдааныг оролцогчдын дунд зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн Орхон аймагт “Инновацын түншлэл” үндэсний форум, “Инновацын бүтээлийн үзэсгэлэн”, гарааны бизнесийн амжилт болон түүхээсээ хуваалцах чөлөөт уулзалт, хүнс, хөдөө аж ахуйн технологи бүтээгчдийг хөрөнгө оруулагчтай холбох үйл ажиллагаа болох юм.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн