Монголын мянганы сорилтын сан, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-тай хамтран үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх уулзалтыг өчигдөр зохион байгууллаа. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 100 орчим үйлдвэр, аж ахуйн нэгжийн болон олон улсын байгууллагын төлөөлөл уг уулзалтад оролцсон юм. Засгийн газрын 53 дугаар тогтоолоор Үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг бууруулах төлөвлөгөөг баталсан. Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид ирж буй бохирдлын ачааллыг багасгаж, шинэ цэвэрлэх байгууламж, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн хэвийн ажиллагааг хангах, улмаар Туул голын бохирдлыг бууруулах зорилгоор уг төлөвлөгөөг баталжээ. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээс ариутгах татуургын нэгдсэн сүлжээнд нийлүүлж буй хаягдал усны бохирдлын хэмжээг шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулахаас өмнө бууруулах, 16 байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын яамны дэргэд байгуулсан аж. Мөн Улаанбаатар хотын томоохон 100 гаруй боловсруулах үйлдвэр урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах гэнэ. Өөрөөр хэлбэл, тухайн үйлдвэр бохир усаа төвийн шугамд нийлүүлэхээс өмнө цэвэршүүлдэг байгууламжтай болох нь. Үүнд дэмжлэг үзүүлэх зорилгоор Үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэх гарын авлагыг Францын “Сеүрика веолиа” болон Монголын “Евро хан” компанийн түншлэл боловсруулж буй юм байна.