- Хотын дарга Х.Нямбаатар аа, Гандангийн дэнжийг өөд нь татна уу -
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар таныг Гандангийн дэнжид урьж байна. Хотын төв цэгээс тийм ч холгүй, дарга нарын суудаг “Хангарди” ордноос 10 гаруй минутад очихоор зайтай уг газарт ирж, нөхцөл байдалтай нь танилцана уу. Урт цагааны барилга, бас “S’outlet” дэлгүүр шиг эмхэлж цэгцэлмээр орчин Ганданд л байна. Соёлын өв тээсэн газар гэж тус дэнжийг өргөмжилдөг атлаа хотын удирдлага нь ч дорвитой хөдөлдөггүй, тухайн хэсэгт оршин суудаг иргэд нь ч үл ойшоодог. Ийм байдлыг өөрчлөхийн тулд нийслэлийн Засаг даргын “хатуу гар”, эрс шийдэмгий арга хэмжээ тэнд үгүйлэгдээд байгаа юм. Жуулчны улирал юу юугүй эхлэх гэж байна шүү дээ.
ХҮЧ БЯР ШААРДАХ АЖИЛ
Х.Нямбаатар нийслэлийн Засаг дарга болонгуутаа Урт цагааны барилгыг “нүд ирмэхийн зуур” буулгуулсан. Мөн үерийн байгууламжид саад болсон гэх шалтгаанаар “S’outlet” дэлгүүрийг ч нураалгаж байна. Бас Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн мэдэлд аваатахлаа. Үүнээс гадна Багануур дүүрэгт оччихсон, тэнд байрладаг “Хэрлэн” төвийг нийслэлийн өмчид авна хэмээн ярьжээ. Тус төвийн 34 хувийг нь нийслэл, бусдыг нь хувийн хэвшил эзэмшдэг бололтой. Хувийн хэвшлийнхэн нь нийслэлд ногдол ашиг огт өгдөггүй учраас орон нутгийн өмчид буцаан авна гэжээ. Улсын хэмжээнд ганцхан байдаг Уламжлалт анагаах ухаан, элэг судлалын клиник төвийг Х.Нямбаатар нураах нь гэх шүүмжлэл ч гараад байна. Хотын дарга та барилга, байшингийн асуудлыг ийнхүү шуурхай шийддэг шигээ Гандан орчмын газрыг цэгцлээсэй гэж хүсэж байгаа юм. Ялангуяа жуулчны улирал эхлэх үед, “Монголд зочлох жил” үргэлжилж буй цагт нэн шаардлагатай байгаагаар нь Гандангийн дэнжийг эхлээд засаж тохижуулбал яасан юм бэ. Ингэснээрээ та нийслэлийн үе үеийн Засаг дарга нарын ярьсаар ирсэн ч хийж чадаагүйг ажил болгож, шашин, соёлын өвөө хамгаалахад хувь нэмрээ оруулна.
200 ЖИЛИЙН ТҮҮХ БА БОХИРДОЛ
Гандан орчмыг хамгийн ихээр гутаадаг хэсэг нь яах аргагүй гэр хороолол. Учир нь тухайн хэсэг бол нийслэлийн хамгийн бохирдолтой газруудын нэг. Улаанбаатар хотын хамгийн анхны суурьшлын бүсүүдийн нэг гэгддэг Гандангийн дэнжийн түүх 200 жилээс давна. Яг ийм хугацаагаар тэнд хөрсний бохирдол, тухайн хэсгийн оршин суугчдын ялгадас хуримтлагдсан гэсэн үг. Ийм учраас л бохирдол, хог нь дийлдэхээ больсон юм. Цас хайлах үед өмхий үнэртэж, шалбааг дээр нь халтирах шахсан гудамж нь монголчууд соёлын өвдөө ямар хайхрамжгүй ханддагийг илэрхийлж байгаа бус уу. Уг нь хийдийн лам нар саяхан ойр орчмыг нь цэвэрлэлээ л гэсэн. Гэхдээ энэ бол зөвхөн нэг удаагийн арга хэмжээ. Ийм “тэмдэглэлт” үйл явдал жилд нэг л тохиодог байх. Бас өнгөрсөн жил жуулчны улирал эхлэх үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Гандантэгчэнлин хийдийн захиргаанд ойр орчмынхоо өнгө үзэмжийг сайжруулах, цэвэр цэмцгэр байлгах агуулга бүхий албан бичиг хүргүүлж байв. Гэхдээ иймэрхүү албан бичиг мэт нь одоо хэдийн үйлчлэхээ больсон. Бодитой шийдвэр гаргаж, байнгын үйлчилгээ нэвтрүүлэх нь л чухал.
ЖУУЛЧДЫН 90 ОРЧИМ ХУВЬ НЬ ГАНДАНТЭГЧИНЛИН ХИЙДИЙГ ҮЗДЭГ
Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ жилийн тухайд “Go Mongolia” гэх брэнд үгийг гарган, улс эх орныхоо баялаг түүх, соёлоороо аялагчдыг уриалан дуудна гээд байгаа. Гэтэл түүх соёлынх нь үнэ цэнтэй хэсэг болсон Гандан орчмын нөхцөл Засгийн газрын бодлоготойгоо зөрчилдөөд байна. Уг нь манай улсад зочилсон жуулчдын 90 орчим хувь нь Гандантэгчинлинг үздэг гэсэн мэдээллийг тус хийдийн Олон нийттэй харилцах албаныхан хэлэв. Тэд “Бид ирсэн жуулчин бүрийг тоолж чаддаггүй. Гэхдээ аялал жуулчлалын тур оператор, мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл авахад жил бүр хүлээн авсан жуулчдын дийлэнх буюу 90 орчим хувь нь манай хийдэд зочилдог гэсэн дүн танилцуулдаг” гэсэн юм. Үнэхээр аль ч улсад зорин ирсэн жуулчин тухайн ард түмний соёл, уламжлалтай илүү гүн танилцахын тулд сүм хийдийг нь зорин үздэг жишиг бий. Ялангуяа Зүүн өмнөд Азийн орнууд уламжлалт шашны сүм хийд, зан үйлээрээ жуулчдыг илүүтэй татдаг аж. Манай улсад ирсэн жуулчдын хувьд ч монгол соёл, уламжлалыг илүү сайн ойлгох, мэдрэхийн тулд Гандантэгчинлин хийдийг зорьдог биз ээ. Монголын бурхан шашинтны төв хийд гэдэг утгаар нь тэр шүү дээ. Харамсалтай нь, тус хийдийг, ялангуяа ойр орчмынх нь бохир завааныг үзэж харсан хэдэн хүн сэтгэл ханамжгүй буцаж, Монголын нийслэлийн төв хэсэг нь хог, шороондоо хутгалдсан газар байдаг гэж мэдэрсэн бол.
ГЭР ХОРООЛЛЫН АЙЛУУД ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД ХАМРАГДАХ ХҮСЭЛГҮЙ
Гандан орчим нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд харьяалагддаг. Тус хорооны Засаг дарга Б.Мягмаржавын мэдээлснээр нийт өрхийнх нь 70 орчим хувь буюу 1100 гаруй нь Гандангийн дэнжийн гэр хороололд оршин суудаг аж. Тэдгээр айл өрхийн газрыг дахин төлөвлөж, гудамж, талбайг цэгцлэх ажлуудыг хэрэгжүүлж байгаа, эсэхийг Б.Мягмаржаваас тодруулахад “Манай хороон дахь гэр хорооллыг дахин төлөвлөлтөд хамруулах, эсэхийг 2012 оноос ярьж эхэлсэн. Үүнээс хойш хэд хэдэн удаа иргэдээс санал асуулга авсан байдаг юм. Гэсэн ч иргэд дахин төлөвлөлтөд хамрагдахыг дэмжээгүй. Харин дэд бүтэц буюу инженерийн шугам сүлжээ суурилуулах замаар орчин нөхцөлийг нь сайжруулъя гэсэн шийдэлд хүрсэн. Үүний дагуу гэр хороололд дэд бүтэц татах ажил эхлүүлээд байгаа. Ажлын явц өдгөө 45 хувьтай. Үлдсэн хувийг энэ онд багтаан дуусгах болов уу гэж хүлээж байна” гэж хариуллаа.
ТАВАН ЖИЛ СУНЖРУУЛЖЭЭ
Гандангийн гэр хорооллын айлууд руу дэд бүтэц татах ажлыг 2019 оноос эхлүүлсэн гэнэ. Өдгөө тав дахь жилдээ сунжруулан үргэлжлүүлж буй гэсэн үг. Нийт төсөвт өртөг нь 791 сая төгрөг юм байна. Ямартай ч нийслэлийн энэ оны төсөвт “Гандантэгчинлин хийд орчмын Орхон хэсгийн гэр хорооллын инженерийн дэд бүтцийн ажил” гэсэн тодотголтойгоор 101.7 сая төгрөг суулгажээ. Бас Баянгол дүүргийн төсөвт 300 сая төгрөг суулгаж, 16 дугаар хороонд жишиг гудамж байгуулна гэсэн байна. Эдгээрийг хэрэгжүүлснээр Гандан орчмын гэр хороолол бүрэн дэд бүтэцтэй болно гэж албаныхан хэлсэн. Гэхдээ яг ингэж ярьж, сунжруулсаар байгаад нэлээд хэдэн жилийг ардаа үдсэнийг бид мартаагүй байна. Нөгөө талаар тухайн гудамжийг дэд бүтэцтэй болголоо ч бүрэн цэгцэрчихнэ гэсэн баталгаа үгүй. Ойр орчмынх нь оршин суугчид хандлагаа өөрчлөхгүй бол одоогийнхоосоо төдийлөн сайжрахгүй. Нэг жишээ дурдахад, гэр хорооллын 45 орчим хувийг нь дэд бүтцэд холбох боломж бүрдсэн ч айлууд үүнээс татгалзаж байгаа гэнэ. Гол шалтгаан нь инженерийн шугам сүлжээг гэр лүүгээ татахад хэтэрхий өндөр зардал гарна гэсэн тайлбар хэлдэг юм байна. Тэгэхээр Гандан орчмыг цаашид аялал жуулчлалын бүс хэвээр хадгалахын тулд тухайн хэсгийн айлуудад тодорхой стандарт тавьж, нэгдсэн зохион байгуулалтад оруулах шаардлага бий гэсэн үг. Учир нь жуулжуулчид цэвэрхэн, аюулгүй гудамжаар айдасгүй алхаж, Ганданд зочлоод, шашны үзмэр, түүх, соёлын дурсгалтай нь танилцан, сэтгэл хангалуун буцах ёстой.
ГОЁ АМЛАЛТУУД
Эргэн сануулахад, Гандан орчмыг дахин төлөвлөж, гэр хорооллын айлуудын газрыг орон сууцаар солих санаачилгыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл анх 2013 онд гаргажээ. Гэсэн ч иргэд үүнийг дэмжсэнгүй, Гандан орчим бахь байдгаараа үлдэв. Дараа нь Засаг дарга С.Батболд ч Гандангийн дэнжийг өөрчлөх оролдлого хийсэн. Ингэхдээ тэрбээр аялал жуулчлалын гудамж болгох шийдэл гаргаж, шав ч тавьж байлаа. Гэсэн ч бас л бүтсэнгүй. Гол шалтгаан нь тухайн хэсгийн гэр хорооллын айл өрхүүд өөрчлөгдөхийг хүсдэггүй, шинэчлэлийг хүлээж авдаггүйтэй нь холбоотой байж. Нийслэлийн үе үеийн Засаг дарга ийнхүү тусдэнжийг өөрчилж, хөгжүүлэх шаардлагатай хэмээн ярьж, “Гандангийн дэнжийг аялал жуулчлалын, соёлын бүс болгоно”, “Улаанбаатар хотын бизнесийг хөгжүүлэх тусгай бүс болгоно” гэх мэтийн гоё амлалт өгсөөр ирсэн. Хамгийн сүүлд 2021 онд нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Гандан хийдийг өв соёл дээр суурилсан соёлын аялал жуулчлалын байдлаар хөгжүүлнэ” гэж мэдэгдэж байв. Энэ бүхэн нь мэдээж ажил хэрэг болоогүйг бид харж байгаа. Одоо бидэнд гоё амлалтууд хэрэггүй. Харин олон жил гацсан ажлыг эрс шийдэмгий эхлүүлэх л шаардлага бий. Үүнийг ажил хэрэг болгож, жинхэнэ утгаараа иргэдээс оноо авах боломж Х.Нямбаатар танд байна.
Бэлтгэсэн: М.Оч