Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг шинэчлэн баталсан. Ингэснээр жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хоригложээ. Комисс хүйтний улиралд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулагдахгүй байх мэдээллийг нийтэд өгч, нийслэл, аймгуудын Засаг дарга нарт Комиссын гишүүний зөвлөмж хүргүүлдэг аж. Гэвч жилийн дөрвөн улиралд үсэргээ, сунгаа, тодорхой хэмжээний бооцоот уралдаан зохион байгуулах явдал гарсаар байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн хэмжээнд хурдан морь унаач 989 хүүхэд мэдээллийн санд бүртгэлтэй.
2022-2023 онуудад аймгийн хэмжээнд 67 удаагийн морины уралдаанд давхардсан тоогоор 8210 хүүхэд хурдан морь унаж уралдсан. Үүнээс мориноос унасан 231, хөнгөн бэртсэн 76, бэртэл гэмтэл авч эмчилгээ хийлгэсэн 19 хүүхдэд хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалаас 89 650 000 төгрөгийн олговор олгожээ.
Хүүхдийн амь нас хохироогүй, гэмтэж бэртсэн хүүхдүүдэд нөхөн олговор олгосон хэдий ч дээрх хайхрамжгүй, хууль, журам зөрчсөн үйлдлийн улмаас унаач хүүхэд эрүүл мэндээрээ хохирсоор байгаа юм.
2024 он гарснаас хойш Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хориглосон хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулсан тохиолдол гарсан учир ХЭҮК-ын гишүүний шаардлагыг 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр тус аймгийн Засаг дарга хүргүүлсэн. Дээрх шаардлагын дагуу Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг даргад Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т заасны дагуу “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл ногдуулжээ. Мөн хүүхдийн эрхийн улсын байцаагчаас хориглосон хугацаанд хурдан морины үсэргээ зохион байгуулсан таван хүнд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6.20-3.3-т зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус бүрд нь 500 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.