“Манай аймагт цахилгаан байнга тасарч байна. Тасрах болгонд нь хийж байгаа бялуу болон бусад бүтээгдэхүүн хог болно. Мэдээж хэн ч хариуцлага хүлээхгүй. “Гэмтэл гарлаа” гээд л цахилгаан тасалчихдаг. Сайн засаж болдоггүй юм уу” хэмээн Говь-Алтай аймагт нарийн боовны үйлдвэрлэл эрхлэгч цахим хуудсандаа бичжээ. Тус аймагт шороогоор хүчтэй шуурсаны улмаас уржигдар цахилгаан хязгаарлахад хүрсэн байна. Дуучин Г.Эрдэнэтунгалагийн тоглолтын үеэр цахилгаангүй болж, үзэгчид нь гар утасныхаа гэрлийг тусгаж, тоглолтыг үргэлжлүүлжээ. Мөн микрофон, дууны аягүйгээс тэрбээр үзэгчидтэйгээ хамтран дуулсаар уг тоглолт өндөрлөсөн гэнэ. Архангайд ч сүүлийн үед хэд хэдэн удаа цахилгаан тасалджээ.
Агаарын шугамд гэмтэл гарсан хэмээгээд 2-3 цаг цахилааныг тасалдаг нь бараг хэвийн үзэгдэл болсныг орон нутгийн иргэд хэлэв. Зарим үед цахилгаан хэзээ ирэх нь ч тодорхойгүй байдаг аж. Нийслэлийн ерөнхий боловсролын “Сэтгэмж” сургуулийн орчимд өнгөрсөн сарын 27-нд цахилгаан тасалдсаны улмаас нэгдүгээр ээлжийн сурагчдад өглөөний цайг нь өгч чадаагүй гэнэ. “Маргааш I, II хоолыг нөхөөд өгнө өө. Уучлаарай, хүүхдүүд ээ” хэмээн тус сургуулийн удирдлага цахим хуудсандаа бичжээ. Иймэрхүү маягаар цахилгаан гэнэт тасалдсан үед орон нутагт эрүүл мэндийн байгууллагууд нь мотор ажиллуулж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг. Гэтэл цахилгаан тасалдсаныг байгалийн гэнэтийн үзэгдэлтэй холбон тайлбарласаар өдий хүрлээ. Цахилгааны шонгуудыг солиход хугацаа, хүч их шаарддаг. Тиймээс тэр бүр солиод байж чаддаггүй аж. Гэтэл тэдгээр нь хүчтэй цасан, шороон шуурганы үед унаж, ганц сум бус, аймгаараа хохирох үе ч бий. Тиймээс ийм байдлыг өөрчлөх, шинэчлэх, сайжруулах шаардлага тулгарч буй.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн