Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэ болон “Альфа аcceт менежмент” компанийн захирал З.Буяннэмэх, НШШГГ-ын 153 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан, ахмад Д.Даваасүрэн нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд, прокурорын хяналтад буцаалаа.
Дээрх чиглэлийн 204.11 км замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын нэг хэсгийнх нь буюу Цайдмын хөндийгөөс Дарханы тойрог хүртэлх 30.53 км замыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чайна гео инженеринг корпорац” ХХК-ийг ЗТХЯ-ныхан шалгаруулсан байдаг. З.Буяннэмэхийн удаа дараагийн гуйснаар Х.Оргил-Эрдэнэ зөвшөөрч, эл компанийг шалгаруулсныхаа хариуд бэлэн мөнгө болон “Лексус RX-350” загварын автомашин хахуульд авсан хэмээн буруутгагдсан юм. Харин шийдвэр гүйцэтгэгч Д.Даваасүрэнгийн хувьд З.Буяннэмэхээс 600 000 төгрөгийн хахууль аваад хилийн хоригийг нь түр хугацаагаар цуцлах шийдвэр гаргуулсан хэрэгт холбогдсон билээ. З.Буяннэмэх “Жиансужунжиа жианшин”, “Альфа ассет менежмент”, “Алмоне ойл” ХХК-ийн захирал байхдаа шүүхийн шийдвэрээр бусдад төлбөр төлөх ёстой байсан аж. Энэ үедээ хилээр гарах эрхээ хязгаарлуулчхаад шийдвэр гүйцэтгэгчид хахууль өгч явсан. Түүнчлэн Харилцаа холбооны зохицуулах хорооны орон тооны бус гишүүн, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд зэрэг албан тушаал хашиж байсан Ж.Бат-Эрдэнэд “Даблью экс пи” ХХК-д хатуу хучилттай авто зам барих тусгай зөвшөөрөл авахын тулд хурдан удмын адуу худалдан авсан 55 сая төгрөгийг нь төлөх аргаар, дараа нь 15 сая бэлнээр хахууль болгож өгсөн хэрэгт холбогдсон юм.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эл хэргийг хэлэлцэхдээ З.Буяннэмэхийн адууны төлбөр болон 15 сая төгрөгийн хахууль Ж.Бат-Эрдэнэд өгсөн үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож байсан. Ингэхдээ Ж.Бат-Эрдэнийн үйлдлийг тусгаарлан “Хөгжлийн банк”- ны гэх хэрэгт нэгтгэн шийдвэрлүүлэхэд түүнийг цагаатгасныг үндэслэл болгосон аж. Тэгвэл давж заалдах шатны шүүхээс Ж.Бат-Эрдэнийн З.Буяннэмэхээс хахууль авсан үйлдлийг буруу тусгаарласан, “Хөгжлийн банк”-ны гэх хэргийг хэлэлцэх үеэр үүнийг нь анхааралгүй орхисон, өдгөө дахин шийдвэрлүүлэхээр болоод буй зэрэгт үндэслээд прокурорын хяналтад буцаалаа. Ингэснээр З.Буяннэмэх, Х.Оргил-Эрдэнэ, Д.Даваасүрэн нарт 10-20 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн тогтоол хүчингүй болов. Уг нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны наймдугаар сард уг хэргийг хэлэлцэн дээрх ялыг оноож байсан ч шүүгч А.Мөнхсайхан,түүний туслахын хайхрамжгүй, хэнэггүй үйлдлээс болж давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг нь хүчингүй болгож, энэ оны нэгдүгээр сард дахин шийдвэрлүүлсэн ч мөн л эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оноох хуулийн шаардлага хангаагүйгээс ийнхүү прокурорын хяналтад буцаахаар болов.
Бэлтгэсэн Г.Орчлон