Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10-25-02/103/01 дугаартай “Үйл ажиллагааг түр зогсоох тухай” актаар “Д” ХХК-ийн орон сууцны байранд үйл ажиллагаа явуулж байсан өөртөө үйлчлэх угаалгын газрын үйл ажиллагааг түр зогсоосон.
“Д” ХХК нь Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчийн “Үйл ажиллагаа түр зогсоох тухай” актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан.
Нэхэмжлэгч “Эрүү ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нь орон сууцны ашиглалт, орон сууцны тухай хуулийн биелэлтэд хяналт тавих эрх хэмжээгүй”, хариуцагч “Орон сууцны ашиглалт нь тухайн орон сууцанд оршин суугчдын эрүүл ахуйн асуудалд хамааралтай тул хяналтыг хэрэгжүүлэх эрхтэй” гэж тус тус маргав.
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Орон сууцны тухай хуульд нийтийн зориулалттай орон сууцны байшинд “нийтийн халуун усны болон угаалгын газар” ажиллуулахыг хуулиар шууд хориглосон тул угаалгын газрын үйлчилгээг түр зогсоох шийдвэр гаргасан нь орчны эрүүл ахуй, орон сууцанд оршин суугчдыг эрүүл мэндийн эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамаарах тул улсын байцаагчийн шийдвэр хууль зөрчөөгүй, хуулиар олгогдсон чиг үүргийн дагуу хяналтыг хэрэгжүүлсэн гэж шүүх дүгнэсэн.
Иймд маргаан бүхий захиргааны акт “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэх үндэслэлээр илт хууль бус болох нь тогтоогдсонгүй.