УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун үйл ажиллагааны тайланг танилцуулж, хороо өнөөдрийн байдлаар 11 салбарын 6182 зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд зохицуулалт, хяналт тавьж ажиллаж байна. Банкны салбарын реформ амжилттай хэрэгжиж 478.5 тэрбум төгрөгийг 72 мянга гаруй хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлсэн бол уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт 299 удаагийн дуудлага худалдаагаар 7.5 их наяд төгрөгийн арилжаа хийжээ. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулалтын сангийн багц журамд биржээр арилжаалдаг хөрөнгө оруулалтын сангийн зохицуулалтыг тусгаснаар хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх боломж бүрдэж, хөрөнгө оруулагчид шинэ төрлийн бүтээгдэхүүн авах, олон улсын томоохон компаниудын хувьцааны өгөөжийг сангаараа дамжуулан хүртэх боломж бий болсон. Мөн анх удаа ногоон бонд гарч “Ногоон бондын санхүүжилтийн хүрээ”-нд тодорхойлсон төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлэх 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татсан. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор нэр бүхий таван журмыг баталж зохицуулалтын орчинг бүрдүүлснээр одоогийн байдлаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх 42 хуулийн этгээдийг бүртгээд байгаа талаар мэдээлэл өглөө.
Мөн УИХ, Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Зээлийн хүүг бууруулах стратеги”, банкны салбарын реформ, төрийн өмчит компаниудын хувьчлал зэрэг томоохон шинэчлэлийн хүрээнд хөрөнгө оруулагчдыг дэмжсэн эрх зүйн орчин бүрдсэнээр энэ жилээс гадаадын хөрөнгө оруулагчдын албан татварт ногдох орлогыг дотоодын хөрөнгө оруулагчтай ижил тэнцүү, ялгаваргүй байдлаар суутган тооцох, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдаас үл хамааран үнэт цаас борлуулсны орлогод ногдох албан татварыг 2024-2026 онд 90 хувь, 2027-2029 онд 50 хувиар хөнгөлөх зохицуулалт бий болсон. Түүнчлэн Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын түвшинд гаргах, Ази, Номхон далайн орнуудын хөрөнгийн зах зээлтэй холбох, дотоодын компаниудыг гадаадын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх, хадгаламжийн бичиг гаргах, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор “Mongolia’s Capital Market Connectivity Hong Kong”, “Shangai” цуврал арга хэмжээг зохион байгуулсан болон санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.