Газрын тосны үнэ 2024 оны эхнээс 18 орчим хувиар нэмэгдсэн. Энэ оны гуравдугаар сард Украины талаас ОХУ дахь газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү дроны дайралт хийснээр газрын тосны үнэ өсөхөд нөлөөлжээ. Үүнээс гадна дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Израилын агаарын хүчнийхэн Сирийн нийслэл Дамаск хотод байрлах Ираны элчин сайдын яам руу довтолж, үүний улмаас Ираны цэргийн удирдах түвшний хоёр албан тушаалтан зэрэг нийт 16 хүний амь үрэгдлээ. Ираны талаас энэхүү довтолгооны хариуг барихаа мэдэгдээд буй.
Ийнхүү газрын тосны томоохон нийлүүлэгч Иран улсын Ойрх-Дорнодод өрнөж буй мөргөлдөөнд оролцох оролцоо нэмэгдсэн нь газрын тосны үнэ өсөх эрсдлийг бий болголоо. Өмнөх саруудад АНУ-ын газрын тосны нийлүүлэлт сайн байсан хэдий ч хүйтэн цаг агаарын улмаас нэгдүгээр сараас хойш буураад байна. Урин цаг ирэхээр тус улсын газрын тосны нийлүүлэлт эргэн нэмэгдэх ч улс орнуудын эдийн засгийн идэвхжил өсөж байгаа нь илүү их хэмжээний газрын тосны эрэлтийг бий болгох магадлалтай.