Сүүлийн дөрвөн сарын турш зэсийн үнэ тонн тутамдаа 8500-8600 ам.долларын орчимд хэлбэлзэж байсан. Харин гуравдугаар сараас эхлэн өсөж, дөрөвдүгээр сарын эхээр 9000 ам.долларыг давав. Нэг талаас БНХАУ-ын боловсруулах салбарын PMI индекс нэмэгдэж, экспорт сэргэсэн болон тус улсын хэрэглээний үнэ эргэн өсөж эхэлсэн зэрэг нь цаашид зэсийн эрэлт тогтвортой байх дохиог өгч байна.
Зэсийн баяжмалын хүрэлцээ бага байснаас шалтгаалж БНХАУ-ын зэс хайлуулагчдын дунд үнийн өрсөлдөөн бий болж, улмаар зэс хайлуулагчдын орлого сүүлийн 10 жилийн доод түвшинд хүрч буурав. Үүнээс шалтгаалж энэ оны нийт хайлуулах зэсийн хэмжээгээ 10 хүртэл хувиар танах талаар тус улсын 10 гаруй томоохон зэс хайлуулагчид хэлэлцээд байна. Хэдийгээр албан ёсны мэдээ гараагүй байгаа ч дээрх мэдээлэл цаашид хайлуулсан зэсийн нийлүүлэлт багасах хүлээлтийг зах зээлд бий болгож, зэсийн үнэ ийнхүү өсөөд байна.