БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын тэргүүлэгч компаниудын нэг болох 40 жилийн түүхт Vanke компани санхүүгийн хүндрэлд ороод байна. Тодруулбал, тус улсад өрнөж буй үл хөдлөхийн салбарын хямралын улмаас дээрх компанийн ашгийн хэмжээ 2023 онд 46 хувиар буурчээ. Түүнчлэн он гарснаас хойш борлуулалтын хэмжээ үргэлжлэн унаж, хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 53 хувиар буурч, хөрвөх чадварын хямрал нүүрлэжээ. Улмаар өнгөрөгч гуравдугаар сард тус компанийн Moody’s болон Fitch-н үнэлгээ “junk (Ba1)” ангилалд орсон нь дэлхий нийтээр тус компанид анхаарлаа хандуулахад хүргэв.
Шэньжэнь болон Хонг Конгийн хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй тус компанийн хувьцааны үнэ дөрөвдүгээр сарын эхээр түүхэн доод түвшинд хүрч буурлаа. Vanke компанийн хувьцааны эзэмшлийг харвал хамгийн том буюу 27.2 хувь нь БНХАУ-ын Шэньжэнь мужийн засаг захиргаа эзэмшдэг Shenzhen Metro Group Co.,Ltd хэмээх төрийн өмчит компанид хамааралтай юм. Тус компанийн 2024 оны гуравсарын 29-нд хийсэн жилийн тайлангийн хурлын үеэр дараагийн хоёр жилд өрийн хэмжээгээ 14 тэрбум орчим ам.доллароор бууруулахаа мэдэгдлээ. Үүний тулд үл хөдлөх салбараас бусад салбарын бизнесүүдээс олох орлогоо нэмэгдүүлэхээр зорьж байна. Мөн түүхэндээ анх удаа ногдол ашиг тараахгүй байхаар шийдвэрлэсэн юм.