Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний гурван сарын эдийн засгийн зарим үзүүлэлтийг танилцууллаа. Жилийн I улиралд манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.1 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад 6.4 хувь буюу 367.2 сая ам.доллароор өссөн үзүүлэлт аж. Импортоор 2.4 тэрбум ам.долларын бараа, түүхий эд авч, экспортод 3.7 тэрбумын бүтээгдэхүүн нийлүүлснээр гадаад худалдааны тэнцэл 1.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ хугацаанд урьдчилсан гүйцэтгэлээр 7.7, тэнцвэржүүлсэн дүнгээр 7.3 их наяд төгрөгт хүрсэн байна. Ингэснээр өмнөх жилийн мөн үеийнхээс тус тус 51.3-52.7 хувиар өсжээ. Харин мөнгөний нийлүүлэлт 20.8 хувиар өсөж, 37.4 их наяд төгрөг болсон гэнэ. Энэ өсөлтөд төгрөгийн хадгаламжийн хэмжээ 38.3 хувиар нөлөөлсөн байна.
Бэлтгэсэн Н.Мишээл