УИХ-ын ээлжит сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүдэд хандсан уриалгыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ээс өчигдөр гаргалаа. Хэвлэл мэдээллийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, сэтгүүлчдийг хуулийн найдвартай хамгаалалтад ажиллуулах нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн амлалтыг нам, эвслүүд мөрийн хөтөлбөртөө тусгахыг уриалгад дурджээ.
“Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагаас жил бүр хэвлэлийн эрх чөлөөний индексийг танилцуулдаг. Манай улс өнгөрсөн онд уг индексээр 180 орноос 88 дугаар байрт жагсаж, хэвлэлийн эрх чөлөө “мэдэгдэхүйц асуудалтай” гэсэн ангилалд багтсан. Ардчилсан улс атлаа хэвлэлийн эрх чөлөө тодорхой хүрээнд хязгаарлагдсанд салбарын хууль, эрх зүйн орчин нөлөөлж буй билээ.
Тодруулбал, 1998 онд баталсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн тунхаг бүхий заалтаас өөр эрх зүйн хамгаалалт сэтгүүлчдэд алга. Гэтэл нөгөө талаас УИХ-аас 2020 онд Эрүүгийн хуулийн 13.14-т “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450-1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 240- 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалт оруулсан нь хэвлэлийн эрх чөлөөг илт хумих болсон. Өөрөөр хэлбэл, иргэд, олон нийтийн мэдэх эрхийг хангаж ажилласан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг дээрх заалтаар эрүүгийн хариуцлагад татах, цагдан хорих тохиолдол гарсаар байна. МСНЭ-ээс мэдээлснээр дээрх заалтаар 20 орчим сэтгүүлчийг шалгаж, 10 гаруйг нь яллагдагчаар татаад буй аж.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 13.14-өөс гадна 4-5 заалт хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагаанд хориглолт, хязгаарлалт тавих агуулгатай. Мөн 10 гаруй хуульд сэтгүүлчдийн мэдээлэл олж авах үйл ажиллагаанд саад учруулахуйц зохицуулалт байгаа юм. Тиймээс хэвлэл мэдээллийн салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулж, эрх чөлөөнийх нь индексийг урагшлуулах замаар Монголын нэр хүндийг олон улсад дээшлүүлэхэд чиглэсэн заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгахыг МСНЭ-ийнхэн уриаллаа.
Бэлтгэсэн: Ч.Мөнх