Үнэт цаасны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй гурав дахь мэргэжлийн байгууллага болох “Чингис хаан” хөрөнгийн биржийн цан цохих ёслол өчигдөр боллоо.
“Чингис хаан” хөрөнгийн биржийн анхны бүтээгдэхүүн нь “Бид ассет ТЗК”-ийн нийтэд санал болгон гаргаж буй, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэнэ. Уг байгууллагын гаргасан үнэт цаасны нийт татан төвлөрүүлэх үнийн дүн нь 15 тэрбум төгрөг аж. Харин ширхэг бүрийн үнэ нь 100 мянган төгрөг юм байна. Дээрх үнэт цаас нь жилийн 18 хувийн хүүтэйгээс гадна улирал бүр хүү олгох нөхцөлтэйгөөр “Чингис хаан” хөрөнгийн биржээр дамжуулан танилцуулж, анхдагч зах зээлийн захиалгаа авч эхэлжээ. “Бид” ББСБ өмнө нь хөрөнгийн зах зээлд 15.5 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргасан бөгөөд хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэн ажиллаж буйг тус байгууллагынхан онцоллоо.
“Чингис хаан” хөрөнгийн биржийг баялаг бүтээгч үндэсний компаниудыг хямд өртөг бүхий, урт хугацаат санхүүгийн эх үүсвэрээр дэмжиж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх зорилгоор энэ салбарт ажиллаж байсан туршлагатай хүмүүс хамтран байгуулжээ. Тус бирж нь олон улсын стандарт, засаглалын шилдэг туршлагыг нэвтрүүлэх замаар улс орны эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулах зорилго бүхий хувийн хэвшлийн байгууллага юм байна.
Манай улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2023 оны байдлаар 11 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ий 21.3 хувьтай тэнцсэн. Гэсэн ч хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлага, эрэлт хэрэгцээ их байгаа тул “Чингис хаан” биржийг байгуулсан гэнэ.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн