Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөл дөрөвдүгээр сарын 12-нд хуралджээ. Уг хурлаар Комиссын 2024 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа болон хоёрдугаар улиралд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар зөвлөлийн гишүүдэд мэдээлэл өгч, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажлыг хамтран зохион байгуулах, Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, мониторинг хийх чиглэлээр санал солилцлоо.
Зөвлөлийн гишүүдийн зүгээс Иргэдийн сонгох сонгогдох эрх, хилийн чанадад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн санал өгөх, хөдөлмөрлөх эрхийн асуудал, бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийн зөрчил, орон нутгийн иргэдийн шилжилт хөдөлгөөн зэрэг асуудалд анхаарч ажиллахыг онцолсон. Түүнчлэн орчны аюулгүй байдал, гамшиг ослын үед ажиллах, хариу арга хэмжээ авах талаар иргэд болон төрийн тусгай албан хаагчдын мэдэх эрх зөрчигдөж байгаад анхаарал хандуулж, хамтран ажиллах талаар санал солилцов.
Хурлаар УИХ-ын ээлжит сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, мониторинг хийх ажлын хуваарь, чиглэл гаргаж хамтран ажиллах, Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг түгээн дэлгэрүүлэх, мөн бусад цаг үеийн ажлуудад хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.