Өнгөрсөн онд хөрөнгийн зах зээлд дотоодын долоон компани IPO хийх замаар нийт 338.1 тэрбум төгрөг, зургаан компани бонд гаргаж 107.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлжээ. Монгол Улсын “ТОП-100 аж ахуйн нэгжийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог өсгөх арга хэмжээний хөтөлбөр”-ийн хүрээнд өчигдөр Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран “Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Хаан банк” ХК, Хөрөнгийн зах зээлийн оролцогч байгууллагууд болон дэд бүтцийн байгууллага, Европын сэргээн босголт хөгжлийн банкны төлөөллүүд оролцож, IPO хийх дараалал, үйл явц, IPO хийсний дараа авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хөрөнгө оруулагчтай харилцах харилцаа, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгчээ.
Хэлэлцүүлэгт 150 гаруй төлөөлөгч оролцож, Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК болон холбогдох талууд ТОП-100 аж ахуйн нэгжийг IPO хийх, бонд гаргахад тавигдах нөхцөл шаардлагыг багасгаж, үнэт цаас гаргах ажиллагааг хялбаршуулах замаар оролцоог нь өсгөх, холбогдох дүрэм, журамд зохих өөрчлөлт оруулж, бодлогын арга хэмжээ авах чиглэлээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.