Хангайн бүсийн болон баруун аймгууд дахь хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар ХЭҮК-оос өчигдөр мэдээлэл өгөв. Архангай аймаг дахь референт С.Мөнгөнзаяа “Хангайн бүсийн тухайд сургуулийн дотуур байрны хүрэлцээ хангалтгүй байна. ХЭҮК-ын мэргэжилтнүүд 2020 оноос ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны нөхцөл байдлыг үнэлж, хянаж шалгасан. Барилгыг цаашид ашиглах боломжгүй, галын аюулгүй байдал хангалтгүй, ундны ус шаардлага хангахгүй, боловсон ариун цэврийн байгууламжгүй, хүүхдүүдийн унтлагын өрөөнд хяналтын камер суурилуулсан зэрэг нийтлэг зөрчил илрүүлсэн. Энэ талаар аймгийн Засаг дарга нарт шаардлага хүргүүлж, хэрэгжилтийг хянаж байгаа” гэв. Харин Завхан аймаг дахь референт Ч.Наранхүү “Баруун бүсийн аймгуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих төвүүдийг байгуулж байна. Увс, Баян-Өлгий, Ховд аймагт ийм төвтэй болсон.
Завхан аймагт барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Мөн гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах төвийг зарим аймагт байгуулах шаардлагатай. Түүнчлэн боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх арга хэмжээ авч байна. Тухайлбал, Говь-Алтай аймаг гэхэд сурагчдын ЭЕШ-ын дүнгээр 2020 онд 20 дугаарт жагссан. Тодорхой арга хэмжээ авснаар үр дүн гарч байгаа. Баруун аймгуудад хүүхдүүд сургууль завсардах, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол, зөрчил цөөнгүй ирдэг. Тухайлбал, Баян-Өлгий аймагт сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн 70 хувь нь цэцэрлэгт хамрагддаг. Үлдсэн 30 хувийнх нь сурч боловсрох эрх зөрчигдөж байгаа юм. Мөн зарим сумд эмийн сан байхгүйгээс иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа цаг алдаж байна” гэв.