Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн наймдугаар тогтоолыг шинэчилж, эмнэлэгт үзүүлэхээр цаг аваад очоогүй тохиолдолд тухайн иргэнд битүүмж үүсгэхээр болжээ. Энэ талаар ЭМДЕГ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Янжиндолгороос тодруулахад “Битүүмж гэдэг нь тухайн иргэн эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авч байгаа мэдээллийг даатгалын газар болон бусад эмнэлэг рүү илгээж буй явдал. Битүүмж үүсгэх, цаг авах гэдэг тусдаа асуудал. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авч буй нийт иргэний 40 хувь нь цагаасаа хоцордог, эсвэл огт ирдэггүй байна. Иргэдийг хариуцлагатай болгох, захиалсан цагтаа тусламжаа авахад анхаарал хандуулах хэрэгтэй талаар эрүүл мэндийн байгууллагууд манайд байнга санал, хүсэлт ирүүлдэг байсан.
Тиймээс Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн шинэчлэгдсэн тогтоолд тухайн иргэн захиалсан цагтаа эмнэлэгт очоогүй бол дараагийн удаа амбулаторийн тусламж, үйлчилгээ авахад 20 000 төгрөгийг эрүүл мэндийн байгууллагад төлнө гэсэн зохицуулалт оруулсан. Нэг хүн цагтаа үйлчилгээ аваагүйгээс болж цаана нь тусламж нэн шаардлагатай иргэд хүлээж байдаг. Тиймээс эрүүл мэндийн байгууллагууд үйлчлүүлэгчидтэйгээ эргэх холбоотой байж, авсан цагийг нь урьдчилан сануулах шаардлагатай” гэв. Эл шийдвэрийг улсын бүх эмнэлэг хэрэгжүүлэх бөгөөд иргэний төлсөн 20 000 төгрөгийн талаарх мэдээллийг ЭМДЕГ-т өгөх үүрэгтэй аж. Ташрамд дуулгахад, цаг авсан эрүүл мэндийн байгууллагаасаа өөр эмнэлгээс тусламж, үйлчилгээ авахад эл торгуулийн арга хэмжээ хамаарахгүй гэнэ.