Монгол Улсын эдийн засгийн төлөв ирэх жилүүдэд хэрхэн өөрчлөгдөх прогнозоо Азийн Хөгжлийн банкнаас /АХБ/ танилцууллаа. 2023 онд өсөлт тогтвортой байж, макро эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг гарсан нь төлбөрийн тэнцэл 2007 оноос хойш анх удаа ашигтай гарахад нөлөөлсөн. Улмаар 2024 онд эдийн засгийн өсөлт 4.1, 2025 онд 6 хувьд хүрэх төлвийг гаргажээ. Харин инфляц 2024 онд 7, 2025 онд 6.8 хувьд хүрэх аж. Гэхдээ зудын нөхцөл байдал хөдөө аж ахуйн салбарт эрсдэл үүсгэж, эдийн засгийг доош татах магадлалтай. Улмаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт, инфляц, төсвийн тэнцвэртэй байдал зуд, БНХАУ-руу экспортлох нүүрсний хэмжээ, түүхий эдийн үнэ, Оюутолгойн үйлдвэрлэлээс хамаарна.
АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Эдуард Фабер “Монгол Улсын эдийн засаг өнгөрөгч онд 7 хувийн тогтвортой өсөлт үзүүллээ. Уул уурхайн үйл ажиллагаа өргөжин, үйлчилгээний салбарт дам нөлөө үзүүлснээр ДНБ-ний өсөлт эрс нэмэгдсэн. Мөн цэвэр экспорт, хувийн хэрэглээ нь өсөлтийн гол хөшүүрэг боллоо. Инфляцийн өсөлт буурсан ч өндөр хэвээр байна. Харин төгрөгийн ам.доллартай харьцангуй тогтворжсон. Тиймээс Уул уурхайн дэмжлэгтэйгээр 2024, 2025 онд эдийн засгийн өсөлт тогтвортой байна. Импорт нэмэгдэхийн хэрээр урсгал данс алдагдал хүлээх боловч 2025 онд экспорт нэмэгдэхийн хэрээр алдагдал буурна” хэмээн онцоллоо.
Мөн уур амьсгалын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зөвлөмжийг АХБ-наас зөвлөлөө. Учир нь уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад томоохон аюул учруулж, хүлэмжийн хийн ялгаруулалтаараа дэлхийд 17-рт эрэмбэлэгдсэн байна. Хүлэмжийн хийн 52 хувь нь хөдөө аж ахуй, 45 хувь нь нүүрсний галлагаатай эрчим хүчнээс ялгарч байна. Тооцооллоос харахад уур амьсгалын чиглэлээр авсан амлалтаа биелүүлэхийн тулд 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт татах шаардлагатайг мөн онцоллоо. Үүний 5.2 тэрбум ам.долларыг дасан зохицоход, 6.3 тэрбум ам.долларыг сааруулахад зарцуулна.
Мал аж ахуйн зохистой менежментээр дамжуулан сэргээгдэх эрчим хүч болон нүүрс төрөгчийн шингээлтэд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж бий. Нэн тэргүүнд институцийн чадавхийг бэхжүүлж, Уур амьсгалын тухай хуультай болох нь чухал. Өнөөдрийн байдлаар дээрх хууль төслийн шатанд явж байна.