Энэ оны гуравдугаар сард Улаанбаатар хотод орон сууцын үнэ өмнөх жилийн мөн үеийнхээс 9.1 хувиар өсөж, өмнөх сарынхаасаа 0.6 хувиар буурсныг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээллээ. Тодруулбал, хуучин орон сууцын нэг ам метр талбайн дундаж үнэ өнгөрсөн сард 3.7, шинийнх нь 3.9 саяд хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 8.7-9.6 хувиар өссөн үзүүлэлт аж.
Шинэ орон сууцын нэг ам метр талбайн дундаж үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.2 сая төгрөгт хүрсэн бол Сүхбаатарт 3.9, Баянголд 3.7, Баянзүрхэд 3.6, Чингэлтэйд 3.5, Сонгинохайрханд 2.7 сая байжээ. Харин хуучин орон сууцын үнэ хотын төвийн бүсэд тооцогддог Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.3 сая төгрөгт хүрч, Сонгинохайрханд хамгийн хямд буюу 2.6 сая болжээ.