Урин дулаан цаг ирж буйтай холбоотойгоор хүүхэд, залуус унадаг дугуй, мопед, мотоцикл хөлөглөн замын хөдөлгөөнд оролцох нь эрс нэмэгддэг. Түүнийг дагаад зам, тээврийн осол, зөрчилд холбогдох явдал олон гардаг билээ. Унадаг дугуй, цахилгаан скүүтер, мотоциклоор замын хөдөлгөөнд оролцоход юунд анхаарах талаар ТЦА-ны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт хариуцсан дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Батболдтой ярилцлаа.
-Хүүхэд залуус унадаг дугуй, цахилгаан скүүтер, мотоциклоор замын хөдөлгөөнд оролцох нь эрс нэмэгдлээ. Эдгээр тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох соёл манайханд төдийлөн хэвшээгүй гэхэд нэг их буруудахгүй болов уу. Техникийн үзүүлэлтийг нь хэрхэн тодорхойлж, хөдөлгөөнд яаж оролцуулахаар хууль, дүрэмд тусгасан байдаг юм бол?
-Унадаг болон цахилгаан дугуй, мотоцикл, мопедыг Замын хөдөлгөөний дүрмээр зохицуулсан. Юу гэж зохицуулсан бэ гэхээр унадаг дугуй бол унаж яваа хүний булчингийн хүчээр явдаг, хоёроос цөөнгүй дугуйтай тээврийн хэрэгсэл гэж дүрэмд заасан. Бас хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцрээс бусад, 0.25 кВт-аас бага чадал бүхий цахилгаан хөдөлгүүрээр тоноглогдсон тээврийн хэрэгслийг унадаг дугуйн ангилалд авч үздэг.
Мопед гэж 50 шоо см-ээс ихгүй ажлын багтаамж бүхий дотоод шаталтат хөдөлгүүртэй, эсхүл 0.25-4 кВт хүртэл чадалтай цахилгаан хөдөлгүүртэй, техникийн дээд хурд нь цагт 50 км-ээс ихгүй, хоёр буюу гурван дугуйт тээврийн хэрэгслийг хэлнэ. Хөдөлгүүрийн ажлын багтаамж буюу чадал, эсхүл техникийн дээд хурд нь мопедынхоос илүү, хоёр дугуйт, механикжсан тээврийн хэрэгслийг мотоцикл гэж тодорхойлсон. Үүнд өөрийн жин нь 400, ачааны зориулалттай бол 550 кг-аас хэтрэхгүй гурван дугуйт болон мотоциклын төрлийн жолооны залууртай дөрвөн дугуйт механикжсан тээврийн хэрэгсэл ч мөн хамаарна.
-Эдгээр цахилгаан тээврийн хэрэгсэлтэй хүүхэд, залуус замын хөдөлгөөнд оролцохдоо автомашины зорчих хэсэг дээгүүр хамаагүй давхих тохиолдол байдаг шүү дээ. Ингэж явж болох уу?
-Нийтийн хэрэгцээний замаар зорчих тохиолдолд тодорхой шаардлага тавих эрх зүйн зохицуулалттай шүү дээ. Тухайлбал, унадаг дугуй, скүүтерээр ийм замаар зорчих тохиолдолд 14 насанд хүрсэн байх, хамгаалах малгай, шөнө, оройн цагаар явж буй үедээ гэрэлтүүлэгч хантааз өмсөхийг шаардана. Түүнчлэн замын зорчих хэсгийн баруун гар талын зах, явган хүний болон унадаг дугуйн замаар явах ёстой. Мопед унаж хөдөлгөөнд оролцож буй хүн 16 насанд хүрсэн байх, хамгаалах малгай заавал өмсөж, зорчих хэсгийн баруун гар талын эгнээ, зах, хөвөөгөөр явах ёстой. Мотоциклоор зорчигч иргэн мэдээж 18 насанд хүрсэн, тээврийн хэрэгслийн “А” ангиллын үнэмлэхтэй байх, хамгаалах малгай өмсөхийг шаарддаг. Түүгээр зорчих хэсгийн аль тохиромжтой эгнээгээр явж болно. “Суррон” гэдэг нэртэй унааны тухайд мотоциклтой адил жолоодох эрхийн үнэмлэхтэй, 18 насанд хүрсэн хүн хөлөглөж замын хөдөлгөөнд оролцох ёстой л доо. Учир нь энэ цахилгаан дугуй нь мопедын техникийн үзүүлэлтээс их хөдөлгүүрийн багтаамжтай. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцод нийцсэн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээтэй байна” гэж заасны дээр дурдсан ангилал бүхий үнэмлэхтэй байх ёстой гэсэн шаардлага тавьдаг.
-Зарим хүн “Суррон” буюу цахилгаан дугуйг унадаг дугуйтай адилтгаж үздэг. Тиймдээ ч жолоодох эрхийн үнэмлэх шаардах ёсгүй гэдэг шүү дээ. Бусад улс оронд цахилгаан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэрхэн зохицуулдаг юм бол?
-Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Замын хөдөлгөөний дүрмийн сая дурдсан зүйл заалтыг зөрчин үнэмлэхгүйгээр унаж хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн 14.7-1 дэх хэсгийн “Жолооны эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнийг 200 нэгжээр торгоно” гэсний дагуу хариуцлага тооцох зохицуулалттай. Тиймээс иргэдэд хууль, дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцохыг сануулъя.
Ер нь олон улсад бол цахилгаан тээврийн хэрэгслийн дээд хурдыг 30-40 км/цагаар хязгаарлах бодлого баримталдаг юм билээ. Жишээ нь, БНСУ, ХБНГУ, АНУ-д цахилгаан дугуй болон цахилгаан скүүтерийн хөдөлгөөнийг Дугуй унах болон Замын хөдөлгөөний дүрмээрээ зохицуулдаг. Түүндээ 30 км/цагаас дээшгүй хурдтай явах тохиолдолд дугуйн замаар Дугуй унах дүрмийн дагуу зорчих тул жолооны үнэмлэх шаардахгүй. 16-гаас доош настай бол хамгаалалтын малгай өмсөх ёстой гэж тусгасан. АНУ-ын Алабама, Аляск, Хавай, Луизиана, Нью-Жерси, Баруун Виржиниа зэрэг 12 мужид цахилгаан дугуй унахад жолооны үнэмлэхтэй байхыг шаарддаг. Зориулалтын замгүй газартавто замын баруун талаар Дугуй унах дүрэмд заасан зайг барин замын хөдөлгөөнд оролцох зохицуулалттай байна. 30 км/цагаас дээш хурдтай явах үзүүлэлттэй бол жижиг мопед гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд жолооны үнэмлэх авах шаардлагатай байдаг юм билээ.
Цахилгаан скүүтер нь урдаа цагаан, ардаа улаан гэрэлтэй, мөн тээврийн хэрэгсэл дээрх гэрэл ойлгогчтой байх ёстой. Тээврийн хэрэгсэл нь 25 см-ийн диаметртэй дугуйгаар хязгаарлагдаж, моторын дээд хүч нь 750 Вт байх зохицуулалт бүх муж улсад нийтлэг байсан. АНУ-ын дийлэнх мужид цахилгаан скүүтерийн хурдыг 30 км/цагаас хэтрэхгүй байхаар зохицуулсан бол цөөн мужид 40 км/цаг хүртэл хурдлахыг зөвшөөрдөг. Скүүтер түрээсийн үйлчилгээ авсан бол дээд тал нь 20-25 км/цаг хурдтай явахаар хязгаарласан байх жишээтэй.
-Хүүхдүүд унадаг дугуй, дугуйт хавтан, ролик буюу дугуйт тэшүүртэй авто замаар зорчих нь бий. Эцэг, эхийн хараа хяналтаас гадуур ингэж яваад осолд өртөх тохиолдол ч мэр сэр гардаг.
-Тийм ээ. Уг нь Замын хөдөлгөөний дүрэмд үүнийг хориглодог юм. Энэ дүрмийн 5.12-т явган зорчигчид хориглох заалтыг тусгасан. Түүнд зорчих хэсэгт дугуйт тэшүүр, дугуйт хавтан болон түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр явахыг хориглохоор заасан байдаг л даа. Гэвч хүүхдүүд эрх зүйн мэдлэг дутмагаасаа болж авто замын зорчих хэсгээр зорчих тохиолдол бий.
Түүнчлэн энэ дүрэмд 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр унадаг дугуй, скүүтерээр зөвхөн явган хүний замаар зорчиж болно. 10-14 хүртэлх насны хүүхэд унадаг дугуй, скүүтерээр явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар зорчиж, хөдөлгөөнд оролцож болно. Харин эдгээр унаагаар зорчиж буй 14-өөс дээш насныхан замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах, зорчих хэсгийн захаар байрлан явахад хүндрэлтэй буюу боломжгүй байвал унадаг дугуй, мопед нь хөвөөгөөр, эсхүл унадаг дугуй нь явган хүний замаар явж болно. Ингэхдээ аюулгүй байдлыг хангаж, хурдаа цагт 10 км-ээс хэтрүүлэхгүй байхаар журамласан. Үүнийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн 14.7.53-ын “Явган зорчигч, эсхүл тээврийн хэрэгслээр зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсний дагуу хариуцлага тооцохоор тусгасан байдаг.
-Өнгөрсөн жилүүдэд зам, тээврийн осолд орсон хүүхдүүдээс хэчнээн нь унадаг дугуй, скүүтер, суррон зэргээр зорчиж байгаад эрүүл мэнд, амиараа хохирсон бэ?
-Надад 2022, 2023 оны тоон мэдээлэл байна. 2022 онд зам, тээврийн ослын улмаас 76 хүүхэд амиа алдаж, 810 нь эрүүл мэндээрээ хохирчээ. Амиа алдсан хүүхдүүдээс тав нь унадаг дугуйтай явсан бол эрүүл мэндээрээ хохирсон багачуудын 34 нь унадаг дугуйгаар зорчсон байна.
Өнгөрсөн онд 53 хүүхэд амиа алдсаны нэг нь унадаг дугуйтай зорчиж байсан. 900 хүүхэд гэмтсэний 55 нь унадаг дугуйтай зорчигч. Гэмтсэн хүүхдүүдийн осолд орсон шалтгаан нөхцөлийг судлахад 129 нь унадаг дугуй, 28 нь скүүтер, 42 нь цахилгаан дугуй хөлөглөж хөдөлгөөнд оролцож явсан байна. Хүүхдүүд цахилгаан болон унадаг дугуй, скүүтер зэргээр замын хөдөлгөөнд оролцох явдал одооноос идэвхжиж байна. Тиймээс осол, хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах цаг ирээд байгаа юм. Эцэст нь хэлэхэд, өөрсдийн аюулгүй байдлаа хангаж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох талаар хүүхдүүддээ байнга анхааруулахыг эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчдээсээ хүсье. Маргаашийн мөрөөдлийнхөө төлөө өнөөдрөөс хичээцгээе.