Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Замын-Үүд, Эрээний Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай” хэлэлцээрийг эрчимжүүлэх ажлын хүрээнд хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн анхдугаар хуралдааныг ӨМӨЗО-ны Эрээн хотноо зохион байгууллаа. Тус уулзалтыг Эдийн засаг, хөгжлийн яам ахалж, Гадаад харилцааны яам, Барилга, хот байгуулалтын яам, “Замын-Үүд” чөлөөт бүс, Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод суугаа Консулын газрын төлөөллүүд оролцов. Хятадын талаас ӨМӨЗО-ны Худалдааны танхим, Аж үйлдвэр мэдээлэл технологийн танхим, Зам тээврийн хэрэг эрхлэх хөгжлийн төв, Хөх хотын Гаалийн нэгдсэн үйлчилгээний газар, Хилийн шалган нэвтрүүлэх ерөнхий товчоо зэрэг байгууллагын 20 гаруй төлөөлөл оролцжээ.
Талууд бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний төслийг шинэчлэн боловсруулах ажлыг уялдуулах, бүсийг хил дамнасан байгууламжаар холбох, улсын хилийн огтлон гарах цэгийн байршлыг тогтоох хамтарсан техникийн ажлын хэсгийг орон нутгийн түвшинд байгуулахаар тохиров. Мөн монголын талын ажлын хэсэг нь Эрээн хотын Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс дээр ажиллаж, хятадын талын бүтээн байгуулалтын явцтай танилцаж байна.