Засгийн газрын ээлжит хурлаар С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэрэгт хилсээр гүтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх зөрчигдсөн асуудлыг хэлэлцсэн байна. Тэднийг эрүүдэн шүүлтийн хохирогч болж, зөрчигдсөн эрхийг нэн даруй сэргээх, нөхөн төлбөрийг яаралтай олгох асуудлыг шийдвэрлэхээр ажлын хэсэг байгуулжээ.
Энэ талаар ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо “Монгол Улсын иргэн бүр зөрчигдсөн эрхээ сэргээх бүрэн эрхтэй. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх зөрчигдсөн. Энэ чиглэлд НҮБ Хүний эрхийн ороо болон дэд хороотой хамтран ажиллана. Холбогдох асуудлыг судалж, биечилсэн уулзалт хийхээр төлөвлөж байна. Мөн олон улсын эксперт, хөндлөнгийн шинжээчидтэй хамтран ажиллана. Цаашдаа Монгол Улсын иргэдийн эрх хангагдах талаар онцгойлон анхаарна. Байгуулагдсан ажлын хэсгийн үндсэн зорилго эрх нь зөрчигдсөн иргэдийн эрхийг сэргээх, хохирлыг барагдуулах, нөхөн төлбөр олгох юм. Тиймээс Засгийн газраас шаардлагатай бүхийл эрхийг хангахаар ажиллаж байна. НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвецод тусгасан эрхүүдийг хэрэгжүүлэх нь төрийн үүрэг. Дээрх конвенцод эрх нь зөрчигдсөн иргэдийг бүрэн хохиролгүй болгох дээр төрөөс үүрэг хүлээсэн бий. Үүнийг хэрэгжүүлэхндээ өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд ажиллах юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эрх нь зөрчигдсөн иргэдийн эрхийг сэргээх асуудал яригдаж, судлагдаж байна” хэмээн ярив.