Монгол нүүрс ассоциац, Польшийн Уул уурхайн төв хүрээлэнтэй хамтын ажиллагаа хөгжүүлэн ажиллаж байна. Эхний ээлжид нүүрсний уурхайнуудын төлөөллийг онол ба практик сургалтад хамруулж, онлайн лекц, богино хугацааны танилцах аялал хийхээр төлөвлөжээ. Энэхүү ажлыг Польшийн Элчин сайдын яамтай хамтарч хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа аж. Польшийн Уул уурхайн төв хүрээлэн нь 1925 онд байгуулагдсан, Төрийн өмчийн яамны харьяа байгууллага юм. Тус байгууллага нь олон улсын уурхай, төсөлд зураг төсөл, зөвлөх үйлчилгээ үзүүлж, 2023 онд 25 сая ам.долларын ажил гүйцэтгэжээ. Уул уурхайн төв хүрээлэн нь 455 ажилтантайгаас 134 нь докторын зэрэг цолтой. Одоогийн байдлаар 60 гаруй төсөл хэрэгжүүлдэг аж.
Европын Холбоо нүүрсний үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэхгүй болсон учраас тус хүрээлэн биомасс хийжүүлэх, үйлдвэрийн болон хотын цэвэрлэх байгууламжийн өтгөн хаягдлыг нүүрстэй хольж хийжүүлэх, нүүрсийг шингэрүүлж, шатахуун үйлдвэрлэх чиглэлд судалгаа хийж байна. Түүнчлэн цахилгаан станц, нүүрс хийжүүлэх явц, хүнд аж үйлдвэрээс ялгарах нүүрстөрөгчийн давхар ислийг газрын гүнд булшлах технологи хөгжүүлж ирсэн туршлагатай. Польш Улс жилдээ далд уурхайн аргаар 55 сая тонн чулуун нүүрс, ил уурхайн аргаар 53 сая тонн хүрэн нүүрс тус тус олборлодог. Нүүрсний үйлдвэрлэлд 70 мянга гаруй хүн ажилладаг байна.