Энэ оны гуравдугаар сарын 26,27 болон дөрөвдүгээр сарын 2,3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын 60 гаруй хууль сахиулахын мэргэжилтнүүд хууль зүйн харилцан туслалцаа үзүүлэх сургалтад хамрагдлаа. АНУ-ын Засгийн газар, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO) болон Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын хамтран хэрэгжүүлж буй эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх чиглэлээр мөрдөгч, прокуроруудын чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр нь гэмт хэргийн аюул заналхийлэлтэй тэмцэх хоёр улсын хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
АНУ-ын Төрийн департаментын санхүүжилт бүхий “Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал” (2021-2024) төслийн хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулав. АНУ-ын Засгийн газар авилга болон үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг хүчин чармайлтын төлөө Монгол улстай тууштай хамтран ажиллах болно.