Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-нд баталсан 57 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглодог. Гэтэл хориглосон хугацаанд буюу энэ он гарснаас хойш Ховд, Сүхбаатар, Төв аймгийн нутаг дэвсгэрт нийт дөрвөн удаа хурдан морины уралдаан зохион байгуулсан зөрчил гарсныг Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос мэдээлэв. Үүнтэй холбоотойгоор буруутай этгээдэд хариуцлага тооцох ХЭҮК-ын гишүүний шаардлагыг дээрх гурван аймгийн Засаг даргад хүргүүлжээ. Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 28.1-т “Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байдаг.
Бэлтгэсэн: М.Оч