Монгол Улсын экспортын 90 гаруй хувийг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км хүнд даацын авто замаар тээвэрлэж, өдөрт дунджаар 1400-1500 тээврийн хэрэгслээр 100 000 гаруй тонн нүүрсийг экспортолдог. Стратегийн ач холбогдолтой энэхүү замын хариуцагчаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн “Гашуунсухайт авто зам” ХХК ажилладаг аж. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замын хураамж, орлого төвлөрүүлэх, авто замын бэлэн байдлыг хангах, хөдөлгөөний аюулгүй байдал, эрчмийг хянаж, удирдах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жил бүр замын нийт уртад үзлэг хийж, төлөвлөгөөний дагуу засварын ажлыг гүйцэтгэдэг байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын өнөөгийн нөхцөл байдалтай танилцахаар “Эрдэнэс Монгол” нэгдэл, Цагдаагийн Ерөнхий Газар, Тээврийн цагдаагийн албаны төлөөлөл Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг буюу Цагаан хад суурьшлын бүсэд ажиллажээ. Өдөрт тус замаар 1400 гаруй тээврийн хэрэгсэл зорчиж байгаагийн 98.5 хувь нь давхар чиргүүлтэй буюу даац хэтэрсэн байдлаар нүүрс тээвэрлэлт хийж байна. Ингэснээр тус зам дээр өдөрт 4800 орчим тэвш явж байгаа нь замын эвдрэл, элэгдэлд өсөхөд нөлөөлж, анх хийгдсэн ТЭЗҮ-гээсээ тээвэрлэлт зургаа дахин өсжээ.
Авто замын тээврийн эрчим ТЭЗҮ-д зааснаар жилд 18 сая тонн нүүрс тээвэрлэх зориулалттай тус авто зам анх хүлээж авахад зургаан см зузаантай байсан. 2023 онд дөрвөн багц урсгал засвар хийж, 52.8 хувьд нь 12 см зузаантай хучилттай болгосон бөгөөд жил бүр хөрөнгө оруулалтын асуудал хэвийн хэмжээнд үргэлжилбэл хоёр жилийн дараа 239 км тус зам хүнд даацын 12 см зузаан асфальтан зам болох юм. 2023 онд “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд 35.1 сая тонн нүүрс тээвэрлэж, Монгол Улсын валютын нөөцийн 70 хувийг бүрдүүлсэн нь тээврийн нэвтрүүлэлт эрчимжсэнтэй холбоотой байна. Тээврийн менежментийн төлөвлөлт, зохион байгуулалтын зөв менежментийг хийж, тоног төхөөрөмжийн шинэчлэл, бүртгэл мэдээллийн программ хангамж, техник хэрэгсэл шинэчлэгдсэнээр нийт долоон систем, найман сервис ажилласнаар тээврийн хэрэгслийн шалган нэвтрүүлэлтэд 2-3 минут шаарддаг байсан бол 15-20 секундэд нэвтрүүлэх хурдны хүчин чадал нэмэгджээ.
Гашуунсухайтын авто замын засварын ажилд 2024 онд 29 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөснөөс мэргэжлийн байгууллагаар замын шинэчилсэн ТЭЗҮ боловсруулах ажил 40 хувьтай явагдаж байгаа аж.Мөн Гашуунсухайт авто зам ХХК-ийн 2024 онд хийж хэрэгжүүлэх онцлох ажилд зам засвар арчлалтаас гадна Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замд олон улсын стандартын дагуу хоёр байршилд жолооч нарыг амарч тухлан, хооллох боломжтой олон улсын жишигт нийцсэн амрах талбайг хоёр цэгт байгуулахаар тендерийн болоод гэрээний бичиг баримт боловсруулж байгааг албаныхан мэдээлэв
Жолооч нар амрах талбайг Цогтцэций болон Ханбогд сумын нутагт Сүлжээ гэж олонд нэрлэгдсэн 121 км-т барьж байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр жолооч нар ядарч яваад аваар осолд өртдөг асуудал буурна гэж үзсэн байна. 2024 оны зургаадугаар сард тээврийн хэрэгслийн дундаж хурдыг хэмжих камерыг тавих талаар хэлэлцэж тохирчээ.Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замд дундаж хурдыг хэмжих камеруудыг таван цэгт байршуулах аж.
Албаныхны мэдээлснээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км замын хөдөлгөөний аюулгүй байдал, эрчмийг хянаж, удирдах чиглэлээр Өмнөговь аймгийн Авто тээврийн үндэсний төв, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар, гэрээт цагдаагийн хэлтэс, гурван уурхайтай нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар тогтмол хамтран ажилладаг байна. Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг Гэрээт цагдаагийн хэлтсээс өгсөн зөрчил илрүүлэлтийн мэдээллээр 2022 онд 11 369 зөрчил илрүүлж байсан бол 2023 онд 50 905 болж энэ тоо 78 хувиар нэмэгджээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 2022 онд 49 байсан бол 2023 онд 245 болж 80 хувиар нэмэгдсэн байна.
Энэ оны байдлаар нүүрс тээврийн осолд:
- Чиргүүлээ унагаах 26,
- Урсгал сөрөх 10,
- Хурд хэтрүүлэх 23,
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох 9,
- Зогсож буй автомашины араас мөргөх осол 12 хувийг эзэлжээ.
Таван цэгт камер байршуулснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэлт зэрэг зөрчлүүдийг цахимаар хянах, технологийн дэвшлийг ашигласнаар хүний хүчил зүйлээс шалтгаалахгүйгээр хүний амь эрстэхээс урьдчилан сэргийлнэ хэмээн тооцож байна. 2024 онд нүүрс тээврийн авто замд 25 осол бүртгэгдсэн нь өмнө оны мөн үеэс 13 нэгжээр буюу 34.7 хувиар буурчээ.
Эх сурвалж: Эрдэнэс Монгол нэгдэл