Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс 13 байршил дахь засварын ажлын гүйцэтгэгчтэй гэрээг байгуулж, ажил нь эхлэхэд бэлэн боллоо. Тухайлбал, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 5-наас Намъянжүгийн гудамж буюу Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто зам, дөрөвдүгээр сарын 7-ноос Амгалангийн зам буюу Ботаникаас Улиастайн гүүр хүртэлх авто замын засвар шинэчлэлийг эхлүүлэх юм.
Засварын хүрээнд авто замын хучилтын хийцийг хүчитгэн, инженерийн шугам сүлжээг замын түвшинд тааруулж, шаардлагатай тохиолдолд хашлага болон явган замд засвар үйлчилгээ хийн, тэмдэг тэмдэглэгээг бүрэн сэргээнэ. Мөн авто замын урсгал засварын хүрээнд эвдрэл ихтэй авто замуудын нүхэн эвдрэлийг зөв хэлбэрт оруулан хөрөөдөж, түр шороон дүүргэлт болон хүйтэн асфальт бетоноор засварлаж байна. Авто замыг засахдаа амралтын өдрүүдээр хучилт хийж, шөнийн цагаар инженерийн шугам сүлжээ зэрэг бусад ажлыг гүйцэтгэх юм. Мөн замын хөдөлгөөнийг хааж, хучилт хийхдээ 48-72 цагийн өмнө иргэдэд мэдээлэл хүргэнэ.
Түүнчлэн жил бүрийн тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны хооронд Улаанбаатар хлтын төвлөрсөн дулаан хангамжийн засварыг хийдэг. Энэ онд хийх засварын ажлын хуваарийг авто зам болон бусад инженерийн байгууламжийн ажлуудтай уялдуулан энэ долоо хоногт урьдчилсан байдлаар гаргах юм. Энэ хүрээнд улс, нийслэлийн төсөв хөрөнгө, төсөл хөтөлбөрөөр 25 байршилд нийт 15 км шугам сүлжээг шинэчилж, өргөтгөхөөр төлөвлөсөн байна. Тухайлбал, УБ Сонгдо эмнэлгийн ар талаас МУБИС хүртэлх магистрал шугамыг хонгилын системд оруулах аж.